Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

A- A A+
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

Монгол Улсын хилийн тухай хуулийн 19.1 дэх заалтад “Улсын хил дамнасан байгууламж барих, ашиглах, засварлах, хамгаалах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна” хэмээн заасны дагуу “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг барих асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

Хилийн шугамаас доторх төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хоёр тал өөрсдөө хариуцаж, нэгэн зэрэг эхлүүлэхээр тогтсон бөгөөд тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаварт заасан.

Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжсэн.

Ийнхүү хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн дэмжсэнээр өчигдөр Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушань, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар “Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлуудыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газраас энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын хуулийн шаардлага хангасан тухайгаа дипломат шугамаар бичгээр харилцан мэдэгдсэнээр хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байна. Ийнхүү 1955 оноос хойш 69 жилийн дараа Монгол, Хятадыг холбосон хоёр дахь хил дамнасан төмөр замыг барих Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдэж байгаад баяртай байна” гэж онцоллоо.

БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушань “Энэхүү төсөл нь хоёр улсын хөгжлийн зам бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны чухал илрэл юм. Өнөөдрийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсыг холбосон төмөр замын гүүрэн байгууламжийг барьж эхлэх шатандаа орлоо. Бид Монголын талтай хамтран барьж байгуулсан энэхүү төмөр замаараа Хятад Монголыг төмөр замаар харилцан холбох жишиг болгох бөгөөд мөн хамдаа шинэ ачаа бараа тээвэрлэх төмөр замын гарцтай болж байгаа юм. Ингэснээр Хятад Монголын төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлэн хоёр улсын худалдаа, бизнесийн харилцааг шинэ шатанд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.