"Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөлд мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, давах туулах арга хэмжээг тодорхойлсон байна. Мөн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан талаар хуулийн төсөл санаачлагчдын зүгээс тодотголоо.
Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Тус хөтөлбөр 5 жилийн хугацаанд хэрэгжиж, хоршооны гишүүн малчин Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтаар 50 сая хүртэлх зээл авах боломж бүрдэх юм. Тодруулбал, барьцаа хөрөнгөгүй малчин 20 сая төгрөг хүртэлх зээл авахад Зээлийн батлан даалтын сан 100 хувь батлан даана. Ингэснээр малчид хоршсон байдлаар баг, сумынхаа түвшинд мах нядалгааны, арьс ширний зэрэг анхан шатны боловсруулалт хийдэг цехтэй болж, нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцолж байна.