Гамшгийн эрсдэл бодитой бий болсон, гамшигт өртсөн малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатайг тус тус харгалзан Засгийн газраас шинэ хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Энэ нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл юм.
Өнөөдөр энэ хуулийг болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ хэлэлцсэн. Хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлжээ. Малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар тус салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн.
Малчид сум, багийнхаа түвшинд нийлээд 100-200 га талбайд орон нутгийнхаа хэрэгцээг хангаж чадахуйц өвс, тэжээлээ бэлддэг болох хүсэлтийг тавьжээ.
Малчны хоршоонд нэгдсэн малчдад Зээлийн батлан даалтын сан 100 хүртэлх хувийн баталгаа гаргаж, арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгоно.
Малчны анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн тодорхойлох, малын тэжээл, таримал ургамлаа өөрсдөө тарих боломжийг бүрдүүлэх, төрийн дэмжлэгт хамрагдсан малчны хүлээх үүргийн талаар төсөлд тусгажээ.
Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор малынхаа таваарлаг чанарыг дэмжих, улмаар өвс тэжээлээ тарьдаг байх, малын түүхий эдэд анхан шатанд нь өртөг шингээдэг болох боломжийг олгох гэв.
Малчидтай уулзаад судалгаа хийхэд өрх тус бүрд нэг га газар эзэмшүүлэх нь төдийлөн өндөр дэмжлэг болохгүй гэж ярьж байна. Учир нь га газар дээрээ ногоон тэжээл тарих, улмаар тариалалт хийх тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангалт цаашлаад ургац хураах, савлах, баглах гээд тодорхой хүндрэлүүд гарах эрсдэлтэй гэж малчид үзжээ.
Харин малчид сум, багийнхаа түвшинд нийлээд 100-200 га талбайд орон нутгийнхаа хэрэгцээг хангаж чадахуйц өвс, тэжээлээ бэлддэг болох хүсэлтийг тавьсан. Энэ жилийн зуд нэг асуудлыг маш тодорхой болгосон. Тухайлбал, зүүн аймагт тарьсан өвсийг нөөцлөөд баруун аймгийн малд өгөхөөр тэжээл, уургаа хангалттай хэмжээнд авч чадахгүй байна.
Хөрс, газар зүйн байршлын онцлогоос хамаараад хоол тэжээл нь зөв тохирохгүй байгаагийн илрэл гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариултдаа онцолсон. Тэрбээр, хуулийн төсөлд хоршоонд нэгдсэний урамшуулал болгож 5 га талбайг эзэмшүүлэх хэлбэрээр өгнө.
Хоршоо цаашдаа сум орон нутгийнхаа хэмжээнд 200-300 га талбайд тариалалт эрхлэх боломжийг бий болгох юм. Зөвхөн хоршоо байгуулагдсанаар биш иргэдийн, малчдын хэрэгцээний ногоон тэжээлийг тарих зорилготой хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжтэй хоршоо байгуулах боломжийг энэ хуулиар нээж өгчээ.