Энэ сарын 13-нд буюу бямба гаргийн шөнө Иран улс 300 гаруй нисгэгчгүй онгоц, пуужинг Израил руу харвасан.
Үүнийг дөрөвдүгээр сарын 1-нд Израилын арми Сири дэх Ираны консулын газар руу халдсаны хариу арга хэмжээ хэмээн тайлбарласан юм.
Иран улс тус халдлагад хариу арга хэмжээ авна гэдгээ хоёр долоо хоногийн турш мэдэгдэж байсан.
Иран анх удаа өөрийн газар нутгаас Израил руу шууд дайралт хийсэн нь энэ юм. Израилын тал нисгэгчгүй онгоц, пуужингуудыг улсынх нь нутаг дэвсгэрт хүрэхээс өмнө устгаснаа зарласан.
Тэгвэл Иран Израил руу довтолсонд бусад улсын удирдагчид ямар байр суурьтай байна вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн ч хэрэв Израил Ираны дайралтын эсрэг сөрөг довтолгоо хийвэл түүнд нь оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Ираны дайралтыг буруутгаж, бүс нутгийг тогтворгүй болгох эрсдэлтэй алхам хийсэн гэж үзэж байна. Түүнчлэн Израилын аюулгүй байдлын төлөө зогссоор байх болно гэв.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Израил-Хамасын дайны хажуугаар бүс нутгийг улам тогтворгүй болгож, энх тайвныг тогтоох асуудлыг улам хүндрүүлсэн алхам болсон хэмээн Ираныг буруутгаж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш бүс нутгийг хамарсан хурцадмал байдал үүсэж болзошгүй байгааг анхааруулаад томоохон сөргөлдөөнд хүргэж болзошгүй аливаа шийдвэрээс зайлсхийхийг талуудад уриалав.
Түүнчлэн Герман, Франц, Европын холбоо, Дани, Норвеги, Чех улсууд Ираны дайралтыг буруутгаж буйгаа мэдэгдсэн. Колумбын Ерөнхийлөгч Густава Петро "Иран Израил руу довтлох нь ойлгомжтой байсан. Дэлхийн гуравдугаар дайн болоход ойрхон байна" гэв.
Эх сурвалж: Reuters