Монголын орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирч, үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ, ХХ зууны манлай дуучин Б.Сарантуяагийн “Сэтгэлийн хөг” бие даасан тоглолт өнөөдөр болон маргааш /19, 20-ны өдөр/ МҮЭСТО-нд болно.
МУГЖ Б.Сарантуяа энэхүү тоглолтынхоо тухай ярихдаа “Би 2000 оноос хойш төрсөн өдрөө тохиолдуулан тоглолт хийсээр ирсэн. Анх энэхүү санаачилгыг УГЗ, хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа гаргаж байлаа. 1994 оны хавар “Сэтгэлийн хөг” анхны бие даасан тоглолтоо үзэгч олондоо хүргэсэн. Үүнээс хойш 30 жилийн дараа буюу 2024 онд дахин “Сэтгэлийн хөг” ижил нэртэй тоглолтоо толилуулах гэж байна. Энэ удаагийн тоглолт нь хотын чимэг болсон хуучны барилгуудаа сэргээх, улс орныхоо баялаг өвийг хадгалж үлдэх уриан дор болж буйгаараа онцлогтой" гэсэн юм.