Ажилдаа эргэн орсон Чарльз хаан нэн түрүүнд хорт хавдрын төвүүдээр зочлов

A- A A+
Ажилдаа эргэн орсон Чарльз хаан нэн түрүүнд хорт хавдрын төвүүдээр зочлов

Их Британийн хаан энэ оны хоёрдугаар сард хорт хавдартай гэж оношлогдсоноосоо хойш хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байсан. Түүний биеийн байдал сайжирч, энэ долоо хоногоос зарим ажил үүргээ гүйцэтгэж эхлээд байна.

Тэрбээр нэн түрүүнд хорт хавдрын төвүүдээр зочилж, өвчтөнүүдтэй өөрийн туршлага, сэтгэгдлийн талаар хуваалцжээ.

Өдгөө 75 настай Чарльз хаан түрүү булчирхайн томролтыг эмчлэх хагалгаа хийлгэсний дараа хорт хавдартай нь оношлогдсон талаар мэдээлсэн. Үүнээс хойш олон нийтийн өмнө гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй байсан юм.

Тэрбээр хавдрын эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа бөгөөд эмч нар түүний биеийн байдал сайжирч, ахиц гарч буйг онцолсон. Иймд зарим ажил үүргээ хийж эхлээд буй нь энэ аж.

Букингэмийн ордны мэдээлснээр зургаадугаар сарын сүүлээр Японы эзэн хаан Нарухито, түүний гэргий Масако нар Их Британид төрийн айлчлал хийхээр болсон байна.

Чарльз хаанаас гадна түүний хүү, ханхүү Уиллиамын гэргий, гүнж Катерин мөн хорт хавдартай болсноо зарласан нь олон хүнийг цочирдуулсан. Тэрбээр одоогоор хими эмчилгээ хийлгэж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters