Францын Нант хотод зургаан сар үргэлжилсэн "Чингис Хаан. Монголчууд Дэлхийг Өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн хаалт болжээ

A- A A+
Францын Нант хотод зургаан сар үргэлжилсэн

Франц улсын Нант хотноо 2023 оны аравдугаар сарын 14-нд "Чингис Хаан. Монголчууд Дэлхийг Өөрчилсөн нь" үзэсгэлэн нээлтээ хийсэн. Монгол, Франц улсын Ерөнхийлөгчдийн ивээл дор зохион байгуулагдаж зургаан сарын турш үргэлжилсэн энэ үзэсгэлэнгийн хаалт тавдугаар сарын 5-нд болжээ.

Монголын түүх, соёлыг сурталчилсан үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ болгож, 2024 оны дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Брөтанийн Гүнгийн Цайз - Нант хотын Түүхийн музейд зохион байгуулсан Монгол соёлын хаврын наадамд 4500 орчим хүн хүрэлцэн ирсэн байна.

Хоёр өдөр үргэлжилсэн Монгол соёлын хаврын наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн болон шагайн нумт харваанаас гадна, монгол бичиг, монгол зураг, хөөмий, шагайн наадгай, буриад бүжгийн хичээл, монгол идээ ундааны танилцуулга, Монголын тува хөөмийн тоглолт, Монгол туулийн тоглолт, Монголын талаар мэргэшсэн зохиолчидтой хийх уулзалт зэрэг соёл, урлаг спортын 18 үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

"Чингис Хаан. Монголчууд Дэлхийг Өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн Европын өнцөг булан бүрээс 200 мянга гаруй үзэгч зорин ирж үзсэн бөгөөд үзэсгэлэнгийн каталогийг гурван удаа хэвлүүлэн түгээжээ. Монгол соёлын улирлын 24 арга хэмжээгээр Нант хот зургаан сарын турш Монгол соёлоор амьсгалж, 25 мянга орчим хүн Монгол орон, язгуур урлаг болон орчин үеийн хөгжим, яруу найраг, монгол бичиг, уран зураг, кино урлаг, идээ ундаа, уран зохиол, бий биелгээ, соёлын биет бус өвөөр нь дамжуулж танилцсан билээ.

Чингис Хааны үзэсгэлэн болон Монгол соёлын хаврын наадам нь Монгол Улсыг гадаадад сурталчлахад жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэжээ.