Рок попын охидын “Honeymoon” хамтлаг цусаа сэлбэжээ

A- A A+
Рок попын охидын “Honeymoon” хамтлаг цусаа сэлбэжээ

Монголын рок поп урлагийн охидын цөөхөн хэдэн хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн зарим гишүүд шинэчлэгдэн цусаа сэлбэжээ. Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ оржээ. Дашрамд сонирхуулахад хамтлагийн ахлагч Б.Солонго нь Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг Маск продакшны жүжигчнээр ажилладаг бөгөөд жүжигчин мэргэжилтэй Э.Хонгорзул хамтлагийн бүрэлдэхүүнд орсоноор тус хамтлаг хоёр жүжигчинтэй болж байгаа юм. Шинэчлэгдсэн багаар шижигнэсэн эрч хүчтэйгээр уран бүтээлдээ ороод буй “Honeymoon” хамтлагийнхан анхны цомогтоо орсон Ц.Байдрагийн “Чи хэн юм бэ” хэмээх дуугаа клипжүүлэн сонсогч фенүүддээ хүргэхээр хэдийнээ ажилдаа оржээ. Ингээд шинэчлэгдсэн “Honeymoon” хамтлагийг шинэ уран бүтээлүүдээрээ тэсрэлт хийхийг тэсэн ядан хүлээцгээе дээ. Урлагийн тэнгэр ивээх болтугай...