ДИАНА ГҮНЖИЙН ГОЁЛЫН ДААШИНЗЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА

A- A A+
ДИАНА ГҮНЖИЙН ГОЁЛЫН ДААШИНЗЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА

Уэльсийн гүнж Дианагийн өмсч хэрэглэж байсан гоёлын даашинзнуудыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан зарах гэж байна. Леди Ди-гийн гоёлын даашинзнуудаас хамгийн их анхаарал татаж байгаа даашинз нь Британийн загвар зохион бүтээгч Виктор Эдельштейны урласан мөр нь ил гарсан хар хөх өнгийн хамбан даашинз байгаа гэнэ. 

Энэхүү хамбан даашинзыг Леди Ди 1985 онд Цагаан ордонд хүндэтгэлийн хүлээн авалтанд уригдах үеэрээ өмсч, жүжигчин Жон Траволтатай бүжиглэн олны хараанд өртөж байжээ. Дуудлага худалдааг зохион байгуулагч Керри Тейлорын ярьснаар Цагаан ордонд болсон тэрхүү хүлээн авалтад Диана гүнжийн хүсэлтээр жүжигчин Траволта уригдан оролцож, улмаар хүлээн авалтын үеэр Леди Ди өөрийн хайрлан хүндэтгэж явдаг жүжигчинтэй бүжиглэж байжээ.

Диана Фрэнсис Спенсер 1981 онд хунтайж Чарльзтай гэр бүл болсныхоо дараа тухайн цаг үеийнхээ хамгийн дэгжин, сайхан эмэгтэй болж, үргэлж олны хараанд байжээ. Леди Ди цэнхэр, хөх өнгөнд ихэд дуртай байсан учраас түүний ихэнх гоёлын даашинзнууд энэ төрлийн өнгөтэй байдаг байна.

Диана гүнжийн энэ даашинзыг өмнө нь 2013 онд мөн дуудлага худалдаагаар оруулан, 284 мянган еврогоор зарж байжээ. Тэгвэл энэ удаад энэ даашинз 400 мянган евро хүрч болзошгүй гэнэ.