ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив өгчээ

A- A A+
ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив өгчээ

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч зардал өндөртэй урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир манай урлагийнхан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Тэгвэл нэгэн таатай мэдээлэл хүргэхэд, ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид тэргүүтэй ӨМӨЗО-ны уран бүтээлчид хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд 112.935 мянган юань буюу 45 сая гаруй төгрөгийг цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх Хаан банкин дахь 5212071351 тоот дансанд шилжүүлсэн байна. Тэрээр тус хандивын аяныг санаачлагч ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид өөрийн цахим хуудсандаа “Сайн байцгаана уу? Монголын нэгэн сод уран бүтээлч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний хайрт гэргий, гайхамшигт дуучин, үзэсгэлэнт Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулсан Өвөрмонгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд, АНУ, Япон болоод БНХАУ-ын уран бүтээлч найзуудаас эхлээд, энгийн иргэд, хөдөөний малчин тариачид хүртэл хамрагдсан хандивын аян маань өндөрлөж байна. Анх миний сайхан найзууд болох Жалам хар хамтлаг, Хөх хээр хамтлагийн дуучин Ж.Үндэс, энтертайнмэнт менежер Дайчин, хөгжмийн продюссер Булагаа, найруулагч, кино продюссер Түвшинтал нарынхаа хамт эхлүүлсэн энэхүү аян маань маш олон хүний сэтгэлд хүрч өнгөрсөн 5 хоногийн хугацаанд нийт 45,061,100 төгрөг цугларсныг Сарнайгийнхаа дансруу дөнгөж сая шилжүүллээ. Бид өөр өөр зүс царай, өөр өөр улс, өөр өөр газар нутагт амьдарч байвч ХҮН гэдэг ганцхан төрөлхтөн шүү дээ. Бусдын сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө сэтгэл зүрхээ дэлгэж амьдарцгаая. Та бүхэндээ баярлалаа.” хэмээн бичжээ. Дашрамд дуулгахад Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулсан "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аянг Монголын уран бүтээлчид, урлагийн байгууллагууд өрнүүлж байгаа бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, 2-нд мэргэжлийн урлагийнхны "Аравт" тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.

й.