БИЕ ДААСАН БАЙДЛЫН ТОГТОЛЦОО МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

A- A A+
БИЕ ДААСАН БАЙДЛЫН ТОГТОЛЦОО МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

 

Эмнэлгийн бие даасан байдлын асуудал судлагдахуун болох нь

 

         Монгол улсын Эрүүл мэндийн салбарын хөгжил Дэлхийн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад удирдлага зохион байгуулалт, санхүүжилт, засаглал, хүний нөөцийн чадавхийн хувьд өндөр түвшинд хөгжиж төлөвшөөгүй байна.

       Энэ нь төр засгийн бодлого төлөвлөлт удаан хугацаанд тогтвортой бус, улс орны бодлогын гол салбаруудыг тэргүүн эгнээнд авч үзэх асуудал хоцрогдмол байсаар байгаатай холбоотой  байна.  Тус асуудлыг шийдвэрлэх зорилгын хүрээнд Монгол улсын их хурлаас “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг 2016 онд батлан гаргасан ба тус хуульд эрүүл мэндийн салбарын шинэчлэл болох эмнэлгийн хагас бие даасан байдлын тогтолцоог хөгжүүлэх, засаглал, хүний нөөц, санхүүгийн механизмыг зохицуулах талаар заасан байна.

                   Улсын их хурлаас баталсан дээрх хуулийн хэрэгжилт Монгол улсын Эрүүл мэндийн салбарын хэмжээнд төдийлөн хангалтгүй буюу эмнэлгийн засаглал, төсөв, санхүү, гүйцэтгэлийн удирдлага зэрэг олон хүчин зүйлсийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох, энэ чиглэлийн практик судалгаа, шинжилгээний ажлуудыг зайлшгүй хийх шаардлага сүүлийн жилүүдэд урган гарч ирсэн.  Монгол улсын Үндэсний статистикийн хорооны 2019 оны дүн мэдээгээр 2002 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн салбарын зардлын хувь 4.9 хувь байсан бол 2019 оны байдлаар 2.2 хувь болж буурсан нь тус салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өсөлт эдийн засгийн өсөлтийн тоо хэмжээтэй урвуу хамааралтай байгааг харж болно.  

        Мөн түүнчлэн Эрүүл мэндийн салбарын  улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг санхүүжилт бодит гүйцэтгэлээ санхүүжүүлэхэд хүрэлцдэггүй, төсөвлөлт, зарцуулалтын дүрэм, журмууд нь ихэвчлэн хатуу бөгөөд уян хатан бус, ажиллагсдын цалин хөлсний хэмжээ бага, ажилтнуудын ажлын гүйцэтгэлтэй уялдаггүй зэрэг шалтгаануудыг эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас холбогдох яамдад олон удаа мэдэгдэл шаардлага хүргүүлсэн байдаг. Энэ нь тус салбарын ажиллагсадын сэтгэл ханамжгүй байдал, ажлын идэвх санаачлага, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна.

       Дээрх шалтгааны улмаас эмнэлгийн хагас бие даасан байдлын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, улсын эмнэлгүүдийн төсөв санхүүжилт, засаглал, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах хэрэгцээ, шаардлага үүсэн гарч байна.

 

Эмнэлгийн бие даасан байдлыг Монголд хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудаас:

Улсын их хурлаас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргасан “Эмнэлгийн тусламжийн тухай хууль”-д зааснаар эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг эмнэлэг бүрт байгуулах Төлөөлөн удирдах зөвлөл /9 хүний бүрэлдэхүүнтэй-Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллага, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл, олон нийтийн байгууллагын төлөөлөл/-өөс томилж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнд эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын зүгээс ажилаа шууд хариуцан тайлагнаж байхаар заасан байна.

Түүнчлэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлага нь бүрэн эрхийнхээ хүрээнд тус хуулийн 16 дугаар зүйлийн 6 дугаар заалтанд зааснаар батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулж, хэмнэсэн зардлыг тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах үйл ажиллагаанд зарцуулах, Эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох, Удирдлагын багийн гишүүн, байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хуваарийн дагуу эмнэлгийн төсвийг захиран зарцуулах, Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах зэргээр эмнэлгийг төлөөлж үйл ажиллагаа явуулах эрхүүдийг хэрэгжүүлэхээр заасан байна.

Дээрх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас 2020 онд Улсын 1 дүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагуудад Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдан эмнэлгийн гүйцэтгэх удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.  

Эдгээр байгууллагууд тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төсөв, санхүүжилтийн хувьд эдийн засгийн өргөтгөсөн ангиллаар зардлын зүйл ангиа зохицуулах, үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ гүйцэтгэлээр авч санхүүжих зэргээр бусад эрүүл мэндийн байгууллагуудаас онцлог байдлаар ажиллаж эхлээд байна.

Мөн түүнчлэн тус хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх нь” төсөл 2017-2019 онд Монгол улсад хэрэгжин нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдэд ерөнхий удирдлага, чанар, хүний нөөц, санхүүгийн удирдлагын чиглэлээр олон тооны сургалтыг явуулсан нь хууль хэрэгжиж эхлэхэд томоохон дэмжлэг болж чадсан байна.

      Дээрх эмнэлгүүдийн туршлага, давуу болон сул талууд энэ оны санхүүгийн жил дууссаны дараа эхний ээлжинд нэгтгэгдэн танилцуулагдахаар байна.

  Харин 2021 онд хэрэгжүүлж эхлүүлэх дараагийн шатны Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд засаглал, хүний нөөц, санхүүгийн удирдлагын оновчтой зохион байгуулалтыг цаг алдахгүй зохион байгуулах асуудал чухлаар тавигдаж байна.  

Эмнэлгийн бие даасан байдлын тогтолцоотой холбоотой Монгол улсад болон бусад улс орнуудад хийгдсэн ажлуудын тухайд:

Эмнэлгийн бие даасан байдлын талаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлууд Монгол улсад өмнө нь дэлгэрэнгүй байдлаар хийгдэж байгаагүй байна. Эмнэлгийн байгууллагын хөгжлийн асуудал өнөө үед эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмж, сүүлийн үеийн эмчилгээний багаж тоног төөөхөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, үйлчилгээ үзүүлсэн тоо хэмжээ, өвчний эдгэрэлтийн тоон үзүүлэлт зэрэг олон хүчин зүйлийг нарийвчлан багтаасан цогц түвшинд хөгжиж байна.  

Санхүүгийн хувьд бие даасан эмнэлэг гэдэг нь эмнэлгийн удирдлага (захиргаа, эсвэл төлөөлөн удирдах зөвлөл) нь эмнэлгийн санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангах үүрэг болон эрх мэдэлтэй байхыг хэлдэг. Азийн хөгжлийн банк (2018, “Гүйцэтгэлийн удирдлага ба санхүүгийн удирдлага” гарын авлага, хууд.158)   

         Тус тогтолцооны тухайд Ямайка улсад өмнө нь эмнэлгүүдийн төлбөр хураамж авч буй түвшин харьцангуй бага байсан. Харин Эрүүл Мэндийн Салбарын Санаачлагын Хөтөлбөрийн ач тусаар эмнэлгүүдийн орлого ихээхэн нэмэгдсэн байна. Эмнэлгүүд орлогоо уян хатан, чөлөөтэй зарцуулах эрхтэй болсон. Төлбөр авдаг кассын ажилтнуудыг сургаж, кассын цонх гаргахын тулд эмнэлгийн барилгыг өөрчлөн шинэчилж, ердийн ажлын цагаас гадна оройн цагаар, амралтын өдрүүдээр ажиллах ажилтнуудыг нэмж авсан байна. Aзийн хөгжлийн банкны “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх”-нь төсөл, (2018, “Санхүүгийн удирдлагагарын авлага)

          Олон даатгагчтай улс орнуудын хувьд даатгагч бүр нь эмнэлгийн нэмэлт зардалд эзэлж буй өөрийн хувь хэмжээнээс бага төлбөр төлөх гэж оролдох эрсдэл үүс ч байсан байна. Энэ асуудлын хувьд Америкийн нэгдсэн улсад зарим даатгагч нь төлбөрийн хувь хэмжээгээ бага болгохын тулд зардлаа нэг нэгэндээ хуйвалдан шилжүүлэх тохиолдол гарч байсан байна.

       Эмнэлгийн бие даасан байдлыг хангахын тулд эмнэлэг бүр зардлын дүн шинжилгээг хийх шаардлага бий болдог. Энэ нь тодорхой өвчнийг хянах олон аргуудыг харьцуулахад бодлого гаргагчдад тусалж болно. Юуны өмнө амбулаториор үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлж мэс засал хийлгэсэн хялбар харьцуулалт хийх боломж олгоно. Тухайлбал, Колумб улсад хийгдсэн судалгаагаар, амбулаториор дамжуулан хүндрэлгүй ивэрхий өвчинд зориулж мэс заслын үйлчилгээ авах нь хэвтэн эмчлүүлэх замаар энэ үйлчилгээг авах зардлын ердөө дөрөвний нэгтэй тэнцэнэ гэдгийг харуулсан байна. ДЭМБ (1993, Shepard et al.)

Хөгжиж буй улс орнууд бие даасан байдлын тогтолцоог хөгжүүлэхэд үндэсний эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг тухайн улс орнуудад хэрэгжүүлсэн ажлуудаас харж болохоор байна. Тринидад анд Тобага улс энэ талаарх зарим судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бол Кот-Дивуар улс туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ерөнхийд нь авч үзвэл эрүүл мэндийн даатгалын системийн дагуу даатгалаас эмчилгээ, үйлчилгээ үзүүлэгч (эмнэлэг, эсвэл эмч)-д төлбөр төлдөг асуудал ихэнх улс орнуудад нийтлэг байна. Aзийн хөгжлийн банкны “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх”-нь төсөл, (2018, “Санхүүгийн удирдлагагарын авлага)

Эмнэлгийн бие даасан байдлын тогтолцоог Монгол улсад амжилттай хэрэгжүүлснээр:

Монгол улсын Эрүүл мэндийн салбарын засаглал сайжирч, бүх түвшинд Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн бодлого тогтвортой болж, санхүү, эдийн засгийн үр ашиг дээшилж, хүний нөөцийн чадавхи сайжрах эерэг үр дүнг авчирна.  Тухайлбал, эмнэлгийн зүгээс орлого нэмэгдүүлэх боломжтой нэмэлт капитал хөрөнгө оруулалт, эсвэл үйл ажиллагааны зардлын санхүүжилтийн зорилгоор татаас авах, улмаар энэ нь цаашид авах татаасыг хэмжээг бууруулж болно.  

 Мөн эмнэлгийн удирдлагууд засгийн газраас эмнэлгүүдэд өгч буй татаасыг бууруулахад дотооддоо эмчилгээ, үйлчилгээний шинэ технологи, арга барилыг нэвтрүүлэх, нэмэлт орлого олох, түүнийгээ эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд зарцуулах боломжийг бий болгож болно. 

       Иймд эмнэлгийн бие даасан байдлын тогтолцоог Монгол улсад бодитоор хэрэгжүүлснээр Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, хүний нөөц, гүйцэтгэлийн өнөөгийн нөхцөл байдал сайжрах олон эерэг үр дүн бидний өмнө хүлээж байна.     

 

Нийтлэл бичсэн 

 

Э.Бямбасүрэн

 

Ашигласан эх сурвалж:  

  1. Азийн хөгжлийн банк, (2018), Гүйцэтгэлийн удирдлага ба санхүүгийн удирдлага.   
  2. Азийн хөгжлийн банк , (2018), “Санхүүгийн удирдлага” гарын авлага.
  3. Journal of Economics & Management Strategy (1993), Ma, McGuire & McGuire vol. 2,
  4. Монгол улсын хууль, (2016), Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай
  5. Үндэсний статистикийн хороо, (2019),  Статистикийн эмхтгэл
  6. Baumann, Bernd, Wolfgang Diller, and Hans Reehe. (1997), Personaleinsatz Und Personalkosten Im Krankenhaus.
  7. Buchan, James, Jane Ball, and Fiona O’May. (2000), Determining Skill Mix in the Health Workforce: Guidelines for Managers and Health Professionals. World Health Organisation.
  8. Cartmill, Linda, Tracy A. Comans, Michele J. Clark, Susan Ash, and Lorraine Sheppard. (2012), “Using Staffing Ratios for Workforce Planning: Evidence on Nine Allied Health Professions. Human Resources for Health 10.
  9. Dale, David C. (1981), “Issues in Health Services. Social Science.
  10. Kutscher, Jan. (2012), Leistungsadäquate Ärztliche Besetzungen in Verschiedenen Arbeitsbereichen : Orientierungswerte Und Hinweise Zur Ermittlung Des Personalbedarfs.” Arzt und Krankenhaus.
  11. Musau, P. et al. (2008), Workload Indicators of Staffing Need Method in Determining Optimal Staffing Levels at Moi Teaching and Referral Hospital, East African Medical Journal.
  12. Nyamtema, a S. et al. (2008), Staffing Needs for Quality Perinatal Care in Tanzania, African journal of reproductive health.
  13. Ozcan, Serpil and Peter Hornby, (1999), Determining Hospital Workforce Requirements, : A Case Study.” Human Resources for Health Development Journal.