"Улаанбаатарын иргэд дэлхийн хамгийн муу агаартай нүүр тулж байна"

A- A A+

Улаанбаатар хот Air Quality Index(AQI-Агаарын чанарын индекс)-ээр дэлхийн хамгийн муу агаарын чанартай хотоор нэрлэгдэж байгаа тухай 2020 оны аравдугаар сарын 23-нд IQAir сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

УЛААНБААТАРЫН ИРГЭД ДЭЛХИЙН ХАМГИЙН МУУ АГААРТАЙ НҮҮР ТУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын агаарын чанарын индекс аравдугаар сарын 11-ээс хойш дунджаар 100-200 гэсэн үзүүлэлттэй байна.

Монголын нийслэлд хүйтэн шөнүүд ирсэнтэй зэрэгцэн Засгийн газраас түүхий нүүрс шатаахыг хориглосон ч тус хотод агаарын чанар муудсан хэвээр байгаа юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин AQI-д "аюултай" гэж бүртгэгдээд байна. Энэ нь агаарын бохирдлын улмаас иргэдийн эрүүл мэнд хохирч байгаа Лахоре, Дели, Ченду, Белград хотуудын дээр бичигдэх үзүүлэлт юм. 

Энэ түвшинг тайлбарлавал:

  • 101-150. Мэдрэмтгий хүмүүст эрсдэлтэй. Мэдрэмтгий хүмүүсийн эрүүл мэнд хохирох эрсдэлтэй.
  • 151-200. Эрсдэлтэй. Олон нийтэд хор уршигтай.
  • 201-300: Аюултай. Гадаа удаан хугацаагаар ажилладаг хүмүүсийн ажлын цагийг хязгаарлах шаардлагатай

Улаанбаатар 2019 онд дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын 48 дугаарт бичигдсэн бол Монгол улс хамгийн их бохирдолтой улсуудын гуравдугаарт жагсжээ.

Нийслэл хотын бохирдлын хэмжээ нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс зургаа дахин их байна.

Монгол Улс яагаад агаарын бохирдолтой байна вэ?

Монгол орны агаарын бохирдол нь улирлын чанартай хатуу түлшний шаталтаас үүсдэг бөгөөд түүхий нүүрсийг уламжлалт гэрт шатаадаг байна. Уг уламжлалт зөөврийн гэрийг мод болон эсгийгээр хийсэн ба гэрийн төвд байрлах зуухны утаа нь яндангаар дамжин бөмбөгөр орой дээрх хавхлагаас гардаг аж.

Аргал, мод гэх мэтийг харьцуулахад нүүрс нь удаан хугацаанд илчээ хадгалдаг тул өвлийн улиралд илүүд үздэг байна. Гэрт түүхий нүүрс шатаах нь хотын хамгийн анхдагч бохирдлын эх үүсвэр гэж үздэг.

ДЭМБ-ын тооцоолсноор өвлийн улирал дахь хотын агаарын бохирдлын 80 хувь нь хотын нийт оршин суугчдын 60 орчим хувь нь амьдардаг гэр хорооллоос гардаг байна.

Агаарын бохирдлын бусад эх үүсвэрүүд нь нүүрсээр ажилладаг цахилгаан станц, шороон замын тоос шороо, авто тээврийн хэрэгслийн утаа юм.

1989 онд тус улсын нийт хүн амын 27 орчим хувь нь Улаанбаатарт амьдардаг байсан. Гэвч хотын хүн амын тоо эрс өсөж 2018 оны байдлаар 1,4 сая хүн буюу нийт хүн амын 47 хувь нь амьдардаг гэсэн тооцоо гарчээ.

Иргэд Улаанбаатар хот руу нүүж байгаа шалтгаан нь илүү сайн ажил, амьдрах орчин, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол эсвэл гэр бүлийн шалтгаан юм.

Хотын захад орших гэр хорооллууд дэд бүтцэд холбогдоогүйн улмаас шугам сүлжээ хязгаарлагдмал байдаг аж.

Оршин суугчид нь цэвэр, бохир ус, төвлөрсөн халаалт, зарим тохиолдолд цахилгаан эрчим хүчгүйн улмаас хямд өртөгтэй нүүрс, модыг хоол хийхэд болон гэр, байшинг халаахад ашигладаг хэвээр байна.

Улаанбаатарын агаарын бохирдолтой тэмцэх гол чиглэл нь байршил юм. Энэ хотыг уулсаар хүрээлэгдсэн хөндийд барьсан учраас газарзүйн байршил нь дулааны урвуу нөлөөг бий болгосон.

Хотын дээрээс дулаан агаарын давхарга дарснаар сэрүүн агаар болон бохирдуулагч хэсэг нь газартай ойрхон байрладаг. Үүнтэй адил хот байдаг нь АНУ-ын Солт Лейк.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрс шатаахыг хориглосон. Түүхий нүүрс нь ерөнхийдөө хотын ядуу оршин суугчдын хувьд хямд бөгөөд олж авах боломж нь өндөр байдаг. Энэхүү шилжилтийн үе шатанд Засгийн газар үр ашигтай түлш болох хагас коксжуулсан шахмал түлшийг түүхий нүүрсний оронд тараасан юм.

Монголд агаарын чанар муу байгаа нь эрүүл мэндийн олон асуудалд хүргэж болзошгүй

Нүүрсний шаталтаас агаар бохирдуулагч PM2.5 үүсдэг. Хэдийгээр өчүүхэн ч гэсэн амьсгалын замаар хүний биед ихээхэн хохирол учруулж болзошгүй бөгөөд бүдүүн ширхэгтэй тоосонцор (PM10-2.5) нь нүд, хамар, хоолойг цочроох нөлөөтэй.

Харин илүү нарийн ширхэгтэй тоосонцор нь уушги, зүрхэнд гүн гүнзгий нэвтэрч, цусны урсгалд ордог. Үүний улмаас

  • астма хүндрэх
  • амьсгалын замын өвчинд өртөмтгий болох
  • зүрх судас болон амьсгалын замын өвчний нас баралтын түвшин нэмэгдэх
  • Уушигны хорт хавдар үүсэх эрсдэлтэй.

Зүрх, уушгины өвчнөөр өвчилсөн хүмүүс, өндөр настан, болон хүүхдүүд нь агаарын бохирдолд хамгийн өртөмтгий бөгөөд хүүхдийн уушгины өсөлтөд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг.

Түүхий нүүрс шатааснаар PM2.5-ийн өндөр түвшинг бий болгохоос гадна агаарт хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн төрлүүд ялгардаг.

Улаанбаатар хотын 2020 оны аравдугаар сарын агаарын чанарын мэдээнд хүхэрлэг хийн хэмжээ агаарын чанарын стандартаас 3.6 дахин их байсан бол хоёр сарын дараа 13 дахин их болжээ.

Энэ нь хотод амьдарч буй 1.5 сая иргэдийн амь нас эрүүл мэндэд шууд нөлөөлхүйц, бодитой гамшиг юм.

Хүхэрлэг хийн хэмжээ яагаад их байна вэ?

Энэ талаар мэргэжилтнүүд "Таван толгой түлш ХХК үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох баяжуулсан нүүрсэн дэх хүхрийн агууламж өндөр байгаагаас шалтгаалж түлшний шаталтын явцад үүсэх хүхэрлэг хийн хэмжээ MNS 4585:2016 стандартаас их байна" гэж үзжээ.

Иймд дээрх алдаа дутагдлыг засах, шахмал түлшний чанар стандартыг сайжруулах, шаталтын явцад үүсэх хүхэрлэг хий буюу SO2ийн хэмжээг яаралтай бууруулах шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: IQAir.com