Т.Тулга Ромоос мөнгөн медаль хүртлээ

A- A A+
Т.Тулга Ромоос мөнгөн медаль хүртлээ

​Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох, Маттео Пелликонегийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 3-7-нд Италийн нийслэл Ром хотод боллоо.

26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртсэн байна.

Т.Тулга Ромын дэвжээнд үдээс өмнө шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус ялж шигшээд шалгарсан.

Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд ардаа 2 оноо алдаж ялагджээ.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо