Япон Улс 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо

A- A A+
Япон Улс 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо. 

Тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Гадаад харилцааны яаманд болжээ.

КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дэлхийн улс орнууд КОВИД-19 цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв.

Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлж буй олон улсын Covax хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд КОВИД-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэжээ.

Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар байлцав. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: ГХЯ