Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр

A- A A+
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Хүн бүрт илүү тэгш, эрүүл ертөнцийг бий болгохын төлөө” уриан дор тэмдэглэж байна. Жилийн турш үргэлжлэх Дэлхийн эрүүл мэндийн өдрийн аянаар эрүүл мэндийн тэгш бус байдлыг арилгаж, тэгш байдлыг дэмжих арга хэмжээг даруй хэрэгжүүлэхэд хүн бүрийг нэгдэн хамтдаа зүтгэхийг уриалж байна. 

Аяны хүрээнд Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хамтран  “Эрүүл мэндийн тэгш байдлын манлайлагчид” төслийн уралдааныг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн дунд зарлажээ.
Уралдааны зорилго нь олон нийтийн оролцоог эн тэргүүнд тавьж, эрүүл мэндийн тэгш байдлыг Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүргэх үйл ажиллагааны гол зарчим, тэргүүлэх чиглэл болгон, улмаар нийгмийн болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, ялангуяа нийгмийн эмзэг бүлгийнхэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл гарцыг олж хэрэгжүүлэхэд чиглэх юм. 

Уралдаанд хамгийн сайн санал, шийдлийг боловсруулсан гурван оролцогч ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай гэрээ байгуулан ажиллах бөгөөд санал болгож буй шийдлүүдийг бодит ажил болгох үүднээс тус бүр 20 сая төгрөгийн гэрээ байгуулах эрхийг авна.  

Дэлхийн эрүүл мэндийн өдрийн аян нь ДЭМБ-ын үзэл баримтлалын суурь зарчим болох: "Арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаасаа үл хамааран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байж болох хамгийн дээд стандартын түвшинд хүртэх боломжтой байх нь хүн бүрийн үндсэн эрхүүдийн нэг юм" гэснийг дэмжихэд чиглэсэн юм. 

Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн хуульчилсан болохыг дурдаж Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулсан мэндчилгээгээ нээлээ. Монгол Улс хуулийн хэрэгжилтийг ханган хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээг төрөөс даах, алслагдсан орон нутагт амьдарч байгаа иргэдэд бүсчилсэн байдлаар төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, иргэдийг эрүүл мэндийнхээ улмаас санхүүгийн эрсдэлд орох явдлыг бууруулах зорилго бүхий эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг бодлогын олон арга хэмжээг хэрэгжүүлж нэлээдгүй амжилтад хүрсэн билээ. 

“Гэвч хүн амын орлогын түвшин, газар нутгийн алслагдмал байдал, хүйсийн ялгаа зэргээс хамаарсан тэгш бус байдал эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байсаар байна,” хэмээн, олсон ололт амжилтаа улам бататган Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт -2030 болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн зорилтот цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлах нь чухал болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо. 

Өнөөгийн Ковид-19-ийн цар тахал нь эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилтыг сэмрээх аюул заналхийлж байна. 

Тиймээс НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын системийн байгууллагуудыг эрүүл мэндийн салбар дахь тэгш бус байдлыг системтэйгээр авч үзэн шийдвэрлэх, тэгш, хүртээмжтэй, чадавх бүхий эрүүл мэндийн үйлчилгээг санал болгох замаар нийт Монголчууд эрүүл энх, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахыг уриалав. 

ДЭМБ нь Монгол Улсын “Хүн бүрт илүү тэгш, эрүүл ертөнцийг бий болгох” хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица илэрхийлж, нийгмийн болон эрүүл мэндийн тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоо нь голлох үүрэгтэй болохыг онцоллоо. Тэрбээр Эрүүл мэндийн тэгш байдлыг сайжруулахын тулд олон нийт өөрсдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө шийдвэр гаргахад оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ.