Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болжээ

A- A A+
Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болжээ

Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит  сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж шийдвэрээ гаргажээ.  Ингэснээр  одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга   болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс  дахин нэр дэвших эрхгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.   Дунд суудлын хуралдааны шийдвэрийг  УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм.

Тус хуралдааныг өнөө өглөө 09.30 цагт эхлүүлсэн ч нэг гишүүн татгалзан гарснаар хойшлуулсан юм. Тодруулбал, Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсанаар үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин түүний энэхүү үйлдэл нь хуралдаан бойкотлох анхны оролдлого боллоо хэмээн хуульчид дүгнэсэн.  Ийнхүү шийдвэрээ гаргахаас өмнө  Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг саатуулах, нөлөөлөх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал,  Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2018 онд Цэцийн гишүүнээр томилсон Ц.Нанзаддорж ийнхүү бүрэлдэхүүнд бойкот хийсэн бол үүнээс өмнө буюу өчигдөр Ерөнхийлөгчийн талынхан эртнээс төлөвлөсөн жагсаал цуглааныг зохион байгуулж, шийдвэрт нөлөөлөхийг санаархсан. Гэтэл дунд суудлын өглөөний хуралдаан  өндөрлөсний дараагаар АН-ын “цаасан”  дарга О.Цогтгэрэл,  УИХ-ын гишүүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн нарын зүгээс Цэцэд нөлөөлөхөөр оролдсон талаарх мэдээлэл ч хэвлэлээр гарсан.  Тэдний зүгээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдэд  нөлөөлөл үзүүлэх ямар хувилбар байж болох талаар  судлан хэрэгжүүлж эхэлсэн талаар цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.   Ийнхүү шийдвэрт нөлөөлөх оролдлогыг Ерөнхийлөгчийн талаас хэд хэдэн удаа  гаргасан ч  Үндсэн хуулийн  Цэц   хараат бусаар ажиллаж бие даасан шийдвэр гаргалаа.

ҮХЦ-ийн албан мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргалаа.

Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ. 

Харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэв.

Нэр бүхий иргэдээс ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуульд нийцээгүй гэх заалтууд:

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг; /Түдгэлзүүлж буй заалт/

5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй. /Түдгэлзүүлж буй заалт/

5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.