Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлал Санкт-Петербург хотноо үргэлжилж байна

A- A A+
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлал Санкт-Петербург хотноо үргэлжилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Санкт-Петербург хотноо 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хүрэлцэн ирэв. 

Б.Батцэцэг сайд Оросын Үндэсний номын санд нээгдэж буй “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд түүнчлэн Оросын Үндэсний номын сангийн ерөнхий захирал В.Г.Гронский, ОХУ-ын ГХЯ-ны Санкт-Петербург хот дахь төлөөлөгчийн орлогч А.В.Олегович, Санкт-Петербургийн Их сургуулийн монгол судлалын тэнхимийн тэргүүлэх профессор В.Л.Успенский нар үг хэлэв. 

Тус номын санд нэг сарын турш дэлгэн үзүүлэх уг үзэсгэлэнд Монгол, Оросын харилцаа, ОХУ дахь монгол судлалын чиглэлээрх архивын баримт, ном, товхимол, уран зураг зэрэг үзмэр багтжээ. Оросын Үндэсний номын сангийн фондод монгол хэл дээрх 9000 орчим ном байдаг ажээ.

Б.Батцэцэг сайд тэргүүтэй төлөөлөгчид мөн өдрийн орой Санкт-Петербург хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын үйл ажиллагаатай танилцав.

 

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам