Зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

A- A A+
Зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

​Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль өчигдөр улс орон даяар явагдаж дууслаа. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын нэр дэвшигчид өрсөлдсөн. Энэ удаагийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явагдаж буйгаараа онцлог. Сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрх эдлэх юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхийн санал буюу 67 орчим хувийн санал аваад байна. 

Сонгуулийн албан ёсны дүн гараагүй ч гэсэн МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх албан ёсны мэдээлэл хийж "Монголын ард түмэн надад асар их хариуцлага хүлээлгэж буй гэж ойлгож байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах,  хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын ард түмэн Монголын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эх орондоо их зүйл хийгээрэй гэсэн итгэл найдварыг үзүүлж, энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж ойлгож байна. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ  эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно" гэж мэдэгдэв. 

Зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн намтрыг хүргэж байна. 

Төрсөн газар

Улаанбаатар хот

Төгссөн сургууль, мэргэжил

1985 онд Нийслэлийн арван жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2017-2021 оны нэгдүгээр сарыг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд

2020 оны зургаадугаар сараас хойш УИХ-ын гишүүн

Гадаад хэл 

Англи, Орос хэл