Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тогтоолын төсөл өргөн барилаа

A- A A+
Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тогтоолын төсөл өргөн барилаа

​Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн.

Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. 

АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30.000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцаж байгаа аж.

Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиэтл (1500) хотод тус тус  олноор төвлөрөн суурьшдаг.

Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлага үүссэн гэж Засгийн газар үзсэн гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.