Б.ГАНХУЯГ: ӨНДӨР ҮР АШИГТАЙ ОРДУУДЫН ҮНЭ ЦЭНИЙГ ЗОХИОМЛООР УНАГАДАГ ЯВДЛЫГ ЦЭГЦЭЛЖ, ЭСРЭГЭЭРГЭЭ ӨӨРСДӨӨ АВЧ, ҮНЭЛЭМЖЭЭ ӨСГӨДӨГ БОЛНО

A- A A+
Б.ГАНХУЯГ: ӨНДӨР ҮР АШИГТАЙ ОРДУУДЫН ҮНЭ ЦЭНИЙГ ЗОХИОМЛООР УНАГАДАГ ЯВДЛЫГ ЦЭГЦЭЛЖ, ЭСРЭГЭЭРГЭЭ ӨӨРСДӨӨ АВЧ, ҮНЭЛЭМЖЭЭ ӨСГӨДӨГ БОЛНО

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин /2021.07.05/ Ж.Эрдэнэцэцэг 

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн  ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гэрээг таван жилээр сунгажээ. Түүнтэй ярилцлаа. Ам нээвэл л ажил ярьдаг хүн гэж түүнийг сайн мэдэх хүрээнийхэн тодотгосон нь яв цав “тохирч”, тэрбээр голчлон компанийнхаа талаар яриа өрнүүлэв.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн өгөөжийг бодитоор хүртэж,  мэдэрч эхэлсэн учраас сүүлийн үед иргэд ам сайтай болжээ. Энэ бол Монголын эдийн засгийн нэг том хөшүүрэг гэсэн өөдрөг итгэлтэй хүн олширч байна. Эсрэгээрээ сайжруулсан түлшээр л төсөөлдөг хүн ч нийгэмд олон бий. Энэ утгаараа та бүхэн сайнтай, муутай үг олон сонсдог байх. Сайн, муугийн аль нь илүү мэдрэгдэж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” гэхчлэн төрийн өмчит том компани дэлхий нийтийг хамраад буй айхавтар өвчин, халдвартай байгаа цаг үед нийгмийн асуудалд харагдахуйц байдлаар, үр дүнтэй  оролцоод эхэллээ. Энэ нь үүргээс нь гадна нийгмийн хариуцлага. Тэр дундаас “Эрдэнэс Тавантолгой” олны анхаарлыг илүүтэй татах болсон. Монголын төр болон 2 512 700 гаруй иргэн хувьцааг нь эзэмшдэг учраас ингэх нь зүй ёсных. Өмнө нь энэ компани төдийлөн сайн нэртэй байгаагүйг гадарлах байх. Өдгөө цэвэр бизнесийн утгаараа хоёр дахь зах зээлийн амьд хувьцаатай компани болж, иргэд өгөөжийг нь хүртэж эхэлсэн, ирээдүйтэй төсөл гэдгийг хүн бүр мэддэг болсон. Үүнийг бодит суурь нь 2020 онд цэвэр бизнесийн агуулгаар бий болгосон орлогоос ногдол ашиг хуваарилснаар батлан харуулсан. Үүнээс өмнөх хугацаанд 1072 хувьцаа нэрээр иргэдэд бэлэн мөнгө олгож, хувьцааг худалдан авах харилцаа үүсэж байсан нь улс төрийн зорилготой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм ч учраас ногдол ашгийг олгохдоо УИХ-ын сонгуулиас “зугтаж”, орон нутгийн сонгуулиас хамааралгүй байх хүрээнд есдүгээр сарын 3-23-нд иргэдэд олгосон. Айл болгонд, өрхийн гишүүн бүрийн гарт очсон бодит баялагийн хуваарилалт учраас иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанид маш их итгэл, найдвар тавьж байна. Тэр хэрээр энэ компанийг сонирхож байгаа. Энэ утгаараа удирдаж байгаа хүмүүсийнх нь талаар ч иргэд мэдэхийг хүсэх нь зүйн хэрэг. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд иргэдээс ирж байгаа сэтгэгдэл, саналын дийлэнх хувь нь сайшааж, дэмжсэн, итгэл хүлээлгэсэн, өөдрөг байгаа нь бидэнд өгч байгаа урам гэж үздэг.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оноос өмнө байсан гадаад, дотоодын арилжааны бус урьдчилгаа төлбөр, зээлийн өр, төлбөргүй болж, санхүүгийн хувьд бизнесийн зохист харьцаа бүхий компани болон бэхжлээ. Нөгөө талаар, энэ компани байгуулагдаад 10 жил болж байгаа хэдий ч эхний зургаан жил нь хөгжих бус, харин ч гадаад, дотоодын өр, төлбөрт баригдсан байдалтайгаар, зах зээлийн хямрал, нүүрсний үнийн огцом уналт, улстөрчдийн буруу бодлого, шийдвэрийн нөлөөнд үнэхээр хүнд хэцүү цаг дор хөл дээрээ босож ч чадалгүй, хохирсоор ирсэн байдаг. Тиймээс ч яг өнөөдрийн хөгжлийн циклийг нь авч үзвэл “Уул уурхай-Дэд бүтэц-Аж үйлдвэрлэл”-ийн цогц төслийн хувьд гарааны гэж хэлж болохоор, нөгөө талаас бол иж бүрэн том бизнес Монголд жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн, дэлхийд санал болгох хэмжээний бэлэн төсөл болгож чадсан нь том үр дүн гэж ойлгож болно. Үнэндээ компанийн хувьд 2020 оноос л хүний царай харахаар болж, бизнесийн агуулгаараа бэхжих замналдаа орж, хөгжлийн стратеги хөтөлбөрөө 15 жилээр төлөвлөж, таван жилийн бизнес төлөвлөгөөгөө үндэслэлтэйгээр боловсруулан баталсан. Урт хугацаанд бизнесээ төлөвлөснөөр компани цаашид ямар зорилтод хүрэх, ямар бүтээгдэхүүн, ямар хугацаанд, ямар үнээр борлуулах, ямар зардал гаргаж, хэр ашигтай байх зэрэг бүхий л бизнес саналаа нүүрсний зах зээл сонирхогч, тэр тусмаа худалдан авагч, хөрөнгө оруулагчдын өмнө түрүүлж тавьсан, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалж чадсан.

-Өмнөх хугацаанд байсан гадаад, дотоод өр төлбөрийн асуудал, тэр дотроо “Чалко” компанийн зээлийн нөхцөл байдал, гэрээний талаар мэдээлэл өгөөч.

-Компани 2010 онд гараанаас гарахдаа олборлолтоо ч эхлүүлээгүй байж “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан нь бизнесийн асар том эрсдэл хүлээсэн төдийгүй арилцааны хувьд ашиггүй гэж хэлж болохоор гэрээтэйгээр ажлаа эхлүүлсэн түүхтэй. Үнэндээ “Чалко” компаниас  авсан урьдчилгаа төлбөрийн дийлэнх хувийг нийгмийн халамж, бэлэн мөнгө тарааж, улс төрийн зорилгод зарцуулсан байдаг. Иймэрхүү нөхцөл байдал дунд явж, “Чалко”-гийн өрнөөс гадна нэмэлтээр Хөгжлийн банкнаас дахин 200 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой”-н хөгжлийн төлөө бус зориулалтаар 2014 онд зээлсэн нь байдлыг улам хүндрүүлсэн. Эдгээр өр, төлбөр, хүү, хүүгийн төлбөрийг төлж барагдуулахад нийт 636 сая ам.долларын хэмжээний нүүрс, мөнгөн хөрөнгөөр төлж чадсан компани шүү дээ. “Чалко” болон Хөгжлийн банкны өр, төлбөрүүдийг 2017 он, 2018 оны аравдугаар сар гэхэд төлж дуусгаснаар 2019 онд ямар ч өр төлбөргүйгээр ажиллаж тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой, нэг их наяд 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь төрийн гэлтгүй ямар ч компанид зөв менежмент нэвтрүүлж чадвал өнөдөр чадавхтай болохыг харуулсан үзүүлэлт мөн. Ер нь төрийн ч бай, хувийн ч бай ямар ч бизнесийн салбарыг аль болох улс төрөөс ангид байлгаж чадвал цэвэр зах зээлийн өрсөлдөөнд орох боломж нэмэгдэж, өрсөлдөх чадвар нь ч улс төдийгүй, бүс нутаг, тив, дэлхийн түвшинд тодорхойлогдох боломжтой байдаг. Тиймээс ч бид дэлхийд өрсөлдөх хүчирхэг “Эрдэнэс Тавантолгой” компанийг бүтээн цогцлоох том зорилтын өмнө ирсэн.

-Та иргэдийн итгэл нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон гэлээ. Хаанаас хийсэн ямар судалгаа юм бол?

-2007 оноос хойш, тодруулбал, цаасан дээрх төсөл байхаас нь л оролцож, ажилласан таван хүний нэг нь би мөн. Тухайн үед төслийн ТЭЗҮ-ээс эхлээд, олборлолтын үйл ажиллагааг хариуцан эхлүүлсэн. Харин 2013 оны нэгдүгээр сараас 2016 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд компанид ажиллаагүй. 2016 оны есдүгээр сарын 12-ноос тэргүүн дэд захирлаар томилогдон ирсэн. Эргэн ирэхэд компанийн нөхцөл байдал сайнгүй байсан. Нийгмийн, иргэдийн ойлголт, хандлага ч сөрөг талдаа байсныг нуух хэрэггүй байх. 2016 оны арваннэгдүгээр сард компанийн талаарх нийгмийн нөхцөл байдлын судалгаа явуулсан.  Судалгаанд хамрагдсан иргэдийн 75 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг үнэндээ мэдэхгүй байсан. Үлдсэн 25 хувийн олонх нь “хар” мэдээлэлтэй буюу асар их өр зээлтэй, хөгжих боломжгүй компани, үйл ажиллагаа нь ил тод бус, захирлууд нь байнга асуудалд ордог, тендерүүд нь хууль бус, “1072” хувьцаа нь улс төрийн зорилготой нэр төдий, цэнхэр, ягаан тасалбараас ялгагдах зүйлгүй гэхчлэн сөрөг мэдээлэл давамгайлж байсан. Өнгөрсөн жилүүдэд бид төлөвлөсөн, бодсон нэлээд ажлаа үе шаттайгаар, сайн, муу олон мэдээлэл дунд, алдаа, оноотой хийсээр ирснийг хүмүүс зах зухаас нь мэддэг болсон. Ингээд  2020 оны арваннэгдүгээр сард эл судалгааг дахин хийхэд хамрагдсан нийт хүмүүсийн 79 хувь нь  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг мэддэг болсон байна. Хамгийн чухал нь тэдгээр иргэний 70 гаруй хувь нь компанид итгэж, өөдрөгөөр харж байгааг судалгаа харуулсан. Мэдээж ногдол ашиг хуваарилсан нь энэхүү бодит итгэлцлийн орчныг бүрдүүлэхэд хамгийн том түлхэц үзүүлсэн. Мөнгөн дүндээ бус, үр шимийг нь бодитоор мэдэрсэн нь чухал гэж иргэд дүгнэсэн. Төр урьд нь ийм өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртээж байгаагүй. Хувьцааных нь оронд мөнгө өгч байсан. Жишээ нь, ахмадуудад сая төгрөг, оюутны сургалтын төлбөрийн 500 мянгаас нэг сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөн сая төгрөг өгөхдөө хувьцаагаар нь сольж авсан. Энэ бол хувьцааны хоёр дахь арилжаанд явагдсан бизнесийн харилцаа юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны ногдол ашиг бол иргэд хувьцаагаа алдалгүйгээр өөрийн компанийн олсон ашгаас хүртсэн анхны тохиолдол байсан. Мөн томоохон төмөр замын төслүүдээ монголчууд өөрийн хөрөнгөөр, монгол инженерүүд бие даан бүтээн байгуулж эхэлсэн нь хөгжлийн том боломжийг эхлүүлсэн үйл хэрэг гэж үзсэн байдаг. Тэгэхээр энэ компани монголчуудад хэрэгтэй, цаашид удирдлагын тогтвортой байдал, улс төрөөс хараат бус байх, гол нь бүхий л үйл ажиллагаа иргэдэд улам бүр нээлттэй, ил тод байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг ч бид авсан.  

-Та “Эрдэнэс Тавантолгой” компанийг улс төрийн нөлөөллөөс гаргасан гэлээ. Нэг хэсэг танай болон Хятадын хөрөнгө оруулалттай TTJVCO компанитай холбоотой мэдээлэл нийгэмд шуугиан тарьсан. 2012 онд TTJVCO (Ти Ти Жи Ви Си Өү)-гийн гэрээг доллароор хийснээс болж хэдэн арван  тэрбумын алдагдалтай гэрээ хийж, сунгасан гэдэг. Энэ бүхэн үнэн үү, эсвэл улс төрийн зорилготой шуугиан байсан юм уу?

-“Ти Ти Жи Ви Си Өү” компанитай  2012 оны гуравдугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед Тавантолгой ордод стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох, түншлэлийн гэрээг Австралийн “Макмахан” болон Германы “Пи Би Эм оперта”  (РВМ) компанийн хооронд хийж, давхар олборлолтын үйл ажиллагааг тэд хариуцахаар ажиллаж байсан үе. Харин зах зээлийн нөхцөл байдал муудсанаас шалтгаалан 2015 онд дээрх хоёр компани үйл ажиллагаагаа зогсоож,  олборлолт явуулж байсан “Ти Ти Жи Ви Си Өү” компанийг олборлолтын төсөлтэй нь хамт олон улсын зах зээлд санал болгож зарсан байдаг. Ингээд уг компани болон манай олборлолтын төсөл хятад эзэмшигчтэй болж, гэрээг шинэчлэн нэмэлт өөрчлөлт оруулж, 2015 оны есдүгээр сарын 29-нд байгуулсан юм билээ. Уг гэрээг байгуулахдаа Монгол Улсын хууль, тогтоомжоос давсан зарим эрхийг илүү олгосон тухай удаа дараагийн УИХ болон Засгийн газрын түвшинд ярьж, гэрээг сайжруулах ажлын хэсгийнхэн хүртэл ажиллаж ирсэн. Хэд хэдэн зөрчил байна гэж үздэг байсан. Нэгдүгээрт, “Ти Ти Жи Ви Си Өү” компани нь Монголд байгуулсан хуулийн этгээд атлаа төлбөрийн гүйлгээг ам.доллароор гүйцэтгэхээр гэрээнд тусгасан. Хуулийн дагуу бол Монголын үндэсний мөнгө тэмдэгтийг хэрэглэх ёстой. Хоёрт, нэг шоо метр уулын цулын үнийг нэлээд өндөр тогтоосон. Дараагийнх нь, хэрэв маргаан үүсвэл Сингапурын Арбитрын шүүхэд хандахаар заасан. Ингэх шаардлагагүй. Манай дотоодын арбитр, хууль тогтоомж гэж бий. Дөрөвт, ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсдэг зөрчил, маргаан. Өөрөөр хэлбэл,”Ээрдэнэс Тавантолгой”-той  хөдөлмөрийн гэрээтэй ажилчид, нөгөө компанийн техник дээр ажиллаад, манай талд ажилчдын хөлсийг буцаан шилжүүлж, Монголд байхгүй зохицуулалт үйлчилж байсан. Тухайн үед Хятадын компани руу шилжихтэй холбоотой үүссэн асуудал. Техникийг нь шилжүүлчихсэн, ажилчдыг шилжүүлж авч чадаагүй үлдсэн. Ийм дөрвөн асуудал энэ оны хоёрдугаар сарын 28 хүртэл явсан. Нөгөөтээгүүр, энэ нь гадаадын хөрөнгө оруулагч мөн. 2015 оноос хойш нэмж нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Уулын хүнд даацын техникт зориулсан засварын газрууд, тоног төхөөрөмжүүд, цахилгааны дэд станц, дамжуулах шугам, оффис, ажилчдын кемп гээд бүтээн байгуулсан, Монголд татан авчирсан техник, тоног төхөөрөмж их хэмжээгээр үнэлэгдэх хөрөнгө оруулалт мөн.

Уг гэрээнд хүчинтэй байх хугацааг тодорхойлсон хоёр зохицуулалтыг маш тодорхой тусгаж өгсөн байдаг. Нэг нь, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тус компанийн үндсэн гэрээний хугацаа дуусгавар болж, автоматаар 24 сар сунгахаар заасан. Үүний дагуу ямар ч нөхцөлийг үл харгалзан сунгагдсан. Хоёрт нь,  2021 оны хоёрдугаар сарын 28-д “Захиалагч талын саналаар гэрээний хугацаа дуусгавар болох”-оор тусгасан заалт. Энэ заалтад гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгож болгохгүй байх зохицуулалт байдаг. Үүний дагуу бид 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн гэрээний дээрх дөрвөн заалтыг өөрчилж, хуульд нийцүүлэх саналыг удаа дараа хүргүүлсэн боловч хүлээн аваагүй. Мөн компанийн ТУЗ-өөс баталсан Зүүн цанхийн олборлолтийн гэрээний үнийг тогтоосон тогтоолыг баталж, үнийн дүнг гүйцэтгэгч талд удаа дараа хүргүүлсэн боловч гэрээний үндсэн нөхцөл болох үнийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа хэд хэдэн албан тоот ирүүлсэн. Эцэст нь 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-аас манай гэрээгээр шилжсэн ажилчдыг үргэлжүүлэн ажиллуулахгүй буюу уг гэрээний дээрх заалтыг дуусгавар болгосон тухай албан мэдэгдэл ирсэн нь гэрээний хугацааг дуусгавар болгох хангалттай үндэслэл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, талуудын аль нэг гэрээнээс бүхэлд нь татгалзахаас бусад тохиолдолд өөрт ашигтай заалтаас дур мэдэн татгалзах нь тухайн гэрээг эцэслэх хангалттай үндэслэл болдог нь аль ч улсын эрх зүйн гол концепц байдаг.

Ер нь хөгжиж буй орнуудын томоохон үр ашигтай төслүүдийн үнэ цэнийг зохиомлоор бууруулах замаар өөр улсад худалддаг, наймаалцдаг хэлбэр олон тохиолддог. Тиймээс цаашид энэ төрлийн гаж эрсдэлийг гаргахгүй байх нь бидний үүрэг. Харин талууд дахин тохиролцох замаар өөрийн оруулсан хөрөнгө оруулалтыг стандартын дагуу үнэлж, тухайн улсдаа санал тавьж худалдах эрх нь хэнд ч нээлттэй байгаа. Бид үнэ цэнийг бууруулан алддаг бус, харин ч төслийн үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд олон улсын хэмжээний томоохон хэлэлцээ хийж, худалдан авалт хийж, компанийг өргөжүүлдэг менежментийн чадварлаг тогтолцоо руу шилжих ёстой гэж би хувьдаа үздэг.

-“Тунгалагжиж” шилэн болох төлөвлөгөө хэдэн хувьтай явж байгаа бол. Ер нь нээлттэй болж чадаж байгаа үздэг үү?

-Ер нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарснаар нээлттэй байдлын индекс хамгийн өндөр түвшинд тогтоогддог. Бид 2018 оноос олон улсын хөрөнгийн зах зээлд гарахаар явж байгаад бүтсэнгүй. IPO гаргах асуудлыг өнгөрсөн жил түр зогсоосон. Энэ нь гурван шалтгаантай. Юуны түрүүнд, дэлхийд тархсан “Ковид-19”-ийн улмаас Хятадад нөхцөл байдал онцгой хүнд байлаа. Энэ нь манай хувьцааг худалдан авах гол сонирхогч талуудаас илэрхийлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд нөлөөлсөн. Дараагийн шалтгаан нь үнэ цэн унасан. Бид хамгийн чухал хэсэг буюу Цанхийн зүүн уурхайгаа  олон улсын биржид гаргахад дор хаяж 1.3 тэрбумаас дээш хэмжээний ам.доллар босгож чадахгүй бол монголчуудын нүүрийг харах эрхгүй болно. Үүний зэрэгцээ компанийн нөхцөл байдал амаргүй болсон нь гурав дахь шалтгаан. “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани байгуулагдаж, зөвхөн хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох чиглэлээр дагнан, мэргэшиж ажилласан бол асуудал үүсэхгүй байсан. Гэтэл бодит байдал дээр адил түвшний хоёр олборлогч төрийн өмчит компани хоорондоо өрсөлдөж эхэлсэн. Хамгийн том зөрчил нь ажилчдын хооронд бий болсон. Өнгөрсөн оны гуравдугаар сард улс даяар хөл хорио тавьсан. Үүний улмаас уурхайн 145 ажилчин сул зогсоход хүрч, гэртээ дэглэм сахиж байх хооронд “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани уурхайнхтай адил ажлын байранд 110 хүн шинээр авсан. Ингээд сул зогссон 145 ажилчны дунд буруу зөрүү ойлголт үүсэж, ажлын байраа булаалгалаа гэж эсэргүүцэн жагсаал, цуглаан гэхчлэн тэмцэл өрнүүлсэн. Мөн Зүүн цанхийн хэсэг шилжсэнтэй холбоотойгоор “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК өөрийн 10 ажилчныг Үйлдвэрчний эвлэл байгууллаа гэх шалтгаанаар ажлаас нь халсан. Тухайн ажилчид ажлын байран дээрээ байсан тул гал дээр тос нэмэрлэсэн дээ. Сонгуулийн жил байсныг ч хэлэх үү, сүүлдээ иргэний хөдөлгөөнийхөн оролцож, байдлыг улам хурцатгахаар “сэвсэн”. Дээрх зайлшгүй шалтгаануудын улмаас Засгийн газрын түвшинд хүртэл ярьж, дөрөвдүгээр сарын 27-нд шийдвэр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгаж, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах эхний үйл ажиллагаагаа зогсоосон. Гэхдээ IPO гаргах асуудлыг үргэлжлүүлэх ёстой. Онцлон дурдахад, энэ асуудлыг түтгэлзүүлсэн гээд нээлттэй байдлаа бид зогсоогоогүй, олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан компанид тавьдаг бүх шаардлага, стандартыг 2019 оноос мөрдөөд эхэлчихсэн байсан. Тийм ч учраас 2021 онд компанийн нээлттэй байдлын үзүүлэлтээрээ манайх төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас хамгийн өндөр буюу 67 оноо авч тэргүүлсэн. Удаах компани 34 оноотой гэхээр бид 30 оноогоор өндөр түвшинд нээлттэй байдлыг өөрсдийн санаачилгаар бий болгожээ. Үүнийг аль ч компани хангах үүрэгтэй гэж боддог.    

-Олны анхаарлын төвд байдаг ажил, алба гүйцэтгэж буй хүнийг янз бүрээр хэлж, сэрдэх нь хаана ч бий. Та түрүүн энэ талаар бас хөндсөн. Харин үүнээс болж гэр бүл, үр хүүхдүүдэд нь дарамт, дайралт очих тохиолдол хааяа гардаг юм байна. Танай гэр бүлийнхэнд ийм зүйл мэдрэгдэж байна уу, жаахан егөөтэй хэлэхэд, Та монголчуудын хувьцааг “атгаж” байгаа хүмүүсийн нэг шүү дээ?

-Би эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Тийм дайралт, дарамт гэх зүйл байхгүй. Ер нь нэгэнт хөдөлчихсөн галт тэрэгний машинч нь болоод, урд нь  явж байгаа бол энэ зэргийн эрсдэлийг тооцоолж, даах, сэтгэл зүй болоод харилцааны бэлтгэлтэй байх ёстой. Миний ажлыг хамгийн их дэмжиж, ойлгодог, энэ утгаараа бүхий л мэдээллийг тодорхой хэмжээнд авч байдаг хүн бол эхнэр минь. Тиймээс худал, ташаа мэдээлэл гарвал мэдээж сэтгэл нь зовдог. Хүүхдүүдийн хувьд аавынхаа ажил, зорилгыг ойлгодог. Сүүлийн үеийн хүүхдүүд аливаад нухацтай, мэдээлэлтэй ханддаг, бизнесийн сэтгэлгээ нь их өөр болчихжээ. Утааг бууруулж, түгжрэлийг арилгах асуудлыг ярихаар бараг л та нар ийм болгосон, угаасаа л хийх ёстой л ажил чинь гэж үздэг мөртлөө харин “Танай үеийнхний хийсэн хамгийн зөв, том алхам бол биднийг хувьцаатай болгосон” гэсэн талархлыг олон  хүүхдээс сонссон. Монголчуудын ирээдүй гэгээтэй байгаа гэдэгт би огт эргэлздэггүй.    

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ өнгөрсөн сарын 29-нд хуралдаж,  таны гэрээг таван жилээр сунгахаар шийдвэрлэжээ. Энэ байгууллагыг цаасан дээр бойжуулж, бодитоор босгож, хөгжүүлээд, тодорхой түвшинд хүргэсэн, цаашид ч ачааг үүрэлцэх хүний хувьд Та компаниа хүнээр төсөөлөн дүрсэлбэл ямар дүр төрхтэй, мэдлэг боловсролтой, ойрын болон хэтийн төлөв нь ямар байх бол?  

-2016 онд “ямар хүн” байв гэдгээс нь эхэлье. Байгуулагдаад зургаан жилийн нүүр үзчихсэн компаниас тэр үед мэдээлэл авах болон түгээх ямар ч боломжгүй байлаа. Тэгэхээр түүхий гэдэг утгаараа ногоон өнгөтэй, туниа муутай, юмаа гадагшлуулж чаддаггүй хордсон мэт хүн байжээ, тэр үед. Одоогийн байдлыг нь зүйрлэвэл, ид эрчтэй, идэвхтэй яваа, зорилго, тэмүүлэлтэй залуу санаанд бууж байна. Дотоодын зах зээл дээрээ яаж өрсөлдөж, амьдрах вэ гэж боддог байсан үеэ бодвол бид өдгөө хоёр төмөр замын асуудлаа өөрийн хөрөнгөөр шийдэж, монголчуудаараа тавиулаад явж байна. Логистикийн төвүүдээ байгуулахаар зорьж, станцын ажлаа эхлүүлээд, нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ ТЭЗҮ-г гаргачихсан, ирэх есдүгээр сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Хими, технологи чиглэлээр нүүрсний судалгаагаа эрчимжүүллээ. Бүх төслийн ТЭЗҮ, хяналтын төсвөө бэлэн болгож, “А6-20” таван жилийн бизнес төлөвлөгөөгөө батлав. Ер нь сайн төлөвлөгөө бол ажлын 50 хувь нь. Тэгэхээр энэ бүхнийг хийхээр тэмүүлж, хүсэж байгаа хамт олныг цаашид улам сайн төлөвшүүлж, чиглүүлж, зоригжуулан зүтгэж байна. Нөгөө талаар компанийн талаарх ойлгомжгүй мэдээллийг нийтэд ил болгож, аливаа хардалт, сэрдэлт, ташаа мэдээллээс ангид байх нь чухал тул нээлттэй, ил тод байх зарчмыг тэргүүн эгнээнд тавьж байгаа.

-Сая баталсан “А6-20” бизнес төлөвлөгөө өмнөхүүдээсээ юугаар онцлог, давуу вэ. Үүнд багтсан төслүүдийг “амилуулахад” хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай болон компани өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх үү?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн бизнесийн өмнөх хоёр төлөвлөгөө үр дүнтэй хэрэгжээгүй гэж үздэг. 2012 онд боловсруулаад, 2013 онд баталсан төлөвлөгөө 2014-2015 оны нүүрсний үнийн уналт, дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан цохигдсон. Үнэ шалдаа буусан. Бүр Цагаан хаданд аваачихад 28 “ногоон” байсан. Компани ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч, энэ байгууллага байх хэрэгтэй юү, үгүй юү гэдэгтээ тулсан хүнд хэцүү үе тохиосон. 2017-2020 оны бизнес төлөвлөгөөний хувьд 64 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн. 2017-2018 онд нүүрсний үнэ, зах зээлийн хувьд таатай нөхцөл бүрдсэн. “А6-20”-ийн хувьд 15 жилийн урт хугацааны стратеги  төлөвлөгөөтэйгөө уялдуулж, анх удаа таван жилийн хугацаатай хийсэн бизнес төлөвлөгөө гэдгээрээ онцлог. Ингэхдээ 30 жилийн алсыг харж, тооцоолсон, дунд хугацааны төлөвлөгөө юм. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах ажлын хүрээндээ бид 2018-2020 онд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, гадаадын маркетинг, судалгааны байгууллага, агентлагууд, шинжээч нартай нягт хамтран ажилласан. Жишээ нь, 30 жилийн хугацаан дахь тооцоо, үнийн судалгаагаа Хятадын “Фэнь вей энержи” компаниар хийлгэсэн. Энэ бол манай тав, 15 жилийн бизнес төлөвлөгөөний суурь юм. Хараат бус ТЭЗҮ-ийн  хувьд Америкийн “John T Boyd” компаниар гүйцэтгүүлсэн. Мөн зах зээлийн, санхүүгийн судалгаа, дүн шинжилгээг олон улсын итгэмжлэгдсэн зөвлөх компаниудаар хийлгэсэн. Бизнес төлөвлөгөөг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд компанийн ТУЗ баталж, зургадугаар сарын 21-нд гүйцэтгэх захирал буюу менежментийн багийн ажиллах хугацааг үүнтэйгээ уялдуулан таван жилээр сунгасан гэж ойлгож болно.

“А6-20” төлөвлөгөөг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд нийт төслийн хэмжээнд 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байхаар тооцоолсон. Үүний 3.7 их наядыг компани өөрөө санхүүжүүлэх ёстой. Үлдсэнийг нь бонд, зарим төслийнхөө хувьцаанаас борлуулж олсон хөрөнгө, дотоодын аж ахуйн нэгжүүд болон иргэдтэй  хамтарч хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах зэргээр босгоно. 2024 он гэхэд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах бэлтгэлээ дахин хангаж ажиллана гэсэн төлөвлөгөө байна. Энэ 10.1 их наяд бол батлагдсан төсөв биш шүү. Тавантолгойн бүлэг ордод хийх төрийн болон хувийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагчид, хамтарсан төслүүдэд шаардагдах хөрөнгийн хэмжээг төсөөлсөн тооцоо гэж ойлгоорой.

-Таван жилийн төлөвлөөний зорилт юу байв. Томоохон төслүүдээс тодорхой, товчхон нэрлэж болох уу?

-Компанийн 2021 он хүртэлх зорилт “Дэлхийн жишиг уурхай “Эрдэнэс Тавантолгой” байсан. Тэгвэл 2021-2025 онд “Уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэл, хөгжлийн жишиг “Эрдэнэс Тавантолгой” гэсэн цогц зорилттой.  Зөвхөн уул уурхай биш, үүнтэй уялдсан авто болон төмөр зам, логистикийн төвүүд гэхчлэн дэд бүтцийн иж бүрдэг магистраль бий болгох, цахилгаан станц, нүүрс баяжуулах болон коксын, төмөрлөгийн анхан, гүйн боловсруулах үйлдвэр байгуулах эзргээр иж бүрнээр, цогцоор нь хөгжүүлнэ гэсэн үг. Энэ бол бидний төлөвлөснөөр I, II таван жилээс метан хий боловсроуулах, экспортлох чиглэлд илүү анхаарч, хөрөнгө оруулалт хийж ажиллана. Тиймээс 2021-2025 оныг “Их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжил”-ын дунд хугацааны он жилүүд гэж томьёолж байгаа.

-Ярьснаар тань төсөөлөөд, “харлаа”, сайхан байна. Гэхдээ ийм нүсэр бүтээн байгуулалтын бодит дүр зургийг бид яг хэдэн оны үед харах боломжтой вэ. Гол ажлуудаас дурдаач.

-2022 оны долдугаар сар гэхэд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг иж бүрнээр нь хүлээж авна. Ингэснээр тээвэрлэлтийн үнийг дөрөв дахин буюу найман доллар хүртэл бууруулна. Энэ хэмжээгээр ашиг, орлого өснө. Өнөөдрийн байдлаар авто замаар нэг тонн нүүрс тээвэрлэхэд 32-36 доллар байгаа. 2023 он гэхэд нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ нь 10 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай. Дараагийн том бүтээн байгуулалт бол дулааны цахилгаан станц байгуулах. 2024 он гэхэд  энэ ажлын гүйцэтгэлийг 90 хувьтай байхаар тооцсон. Дөрөвдүгээрт, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, шингэн түлш гаргах, мөн цаашдын 15 жилд метан хий ашиглах бэлтгэл ажил буюу ТЭЗҮ, үр ашгийн тооцоолол, нарийвчилсан  зураг, төсөл гаргах гээд бүгдийг судалгааны түвшинд дуусгана. Ингээд 2025 оноос метан хийн эхний боловсруулалтыг хийнэ. Цаашлаад үүнийг дагаад 51 мянган хүнтэй хот байгуулна гэхчлэн нэрлэж болно. Өөр нэг чухал зүйл гэвэл, 2025 он гэхэд гадаргын усны төслүүдээ эхлүүлээд, говийн бүсийг усаар хангах ажлыг эрчимжүүлсэн байх үүрэгтэй. Ингэснээр цөлжилт эрчимтэй явагдаж буй Дундговь, Дорноговь, Өмнөговь гэсэн бүс нутгийн хүн ам, мал, амьтан, ургамлын, дараа нь үйлдвэрлэлийн усан хангамжийг шийдэх ажлыг эхлүүлэх юм.

-“А6-20”-ийн хэдэн хувийг “ногоон” төсөл эзэлж байгаа вэ. Байгаль экологийн асуудалд дэлхий нийтээр анхаарч, иргэн бүр хичээх ёстойг Парисын гэрээгээр уриалдаг. Ялангуяа уул уурхайн компаниудад энэ хамгийн хамаатай.

-Энэ бол нэн чухал асуулт. Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй орчин, технологи, боловсон хүчний нөөц, бодлого гэсэн чиглэлээр ISO буюу олон улсын менежментийн нэгдсэн стандарт гэж бий. Энэ стандартын болзол, шаардлагыг биелүүлсэн материалуудаа бид 2020 онд бүрдүүлж, илгээгээд есдүгээр сар гэхэд гэрчилгээгээ Францын Парист байрладаг төв байгууллагаас нь хүлээн авсан. Гурван төрлийн стандартын шаардлага хангасан компани болсон. Үүний нэгдүгээрт байгаль орчны стандарт байгаа. Манай бүх ТЭЗҮ байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөөний хүрээнд хийгдээд явж байна. Хоёрт, компанийн ил тод засаглал, гуравт, хөдөлмөрийн аюулгүй байдал. Олон улсын менежментийн нэгдсэн стандарттай Монголын уул уурхайн анхны байгууллага болж “Эрдэнэс Тавантолгой” Парист бүртгэгдсэн. “Оюутолгой” компани өнгөрсөн тавдугаар сард эл гэрчилгээг авсан гэж сонссон. Бид ил уурхай дээрээ тоосжилтыг бууруулах, газрын эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудал болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх тал дээр маш их анхаардаг. Энэ утгаараа дэвшилт технологи түлхүү ашиглахыг зорьдог. Тухайлбал, бүрэн конвейер буюу дамжуулах системд шилжих, уулын тоног төхөөрөмж ашиглах, тээвэр логистикийн хувьд чингэлэгт тээврээр шийдэхээр төлөвлөснийхөө дагуу ажиллаж байна. Жилд нийт орлогынхоо хоёр хүртэлх хувийг байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн онд бид 68 мянган мод суулгасан бол энэ жил “Ногоон хэрэм” хөтөлбөрийнхөө хүрээнд 90 мянгыг тарихаар үе шаттай  явж байгаа.

-Танай компанийн гаргасан ЭТТ бондод иргэд янз бүрээр хандаж байна. Үүнд итгэх үндэслэлийг товчхон тайлбарлаад өгөөч.

-Энэ бондод 100 хувь итгэж болно. Яагаад гэхээр, Монголдоо төдийгүй Зүүн хойд Ази тивдээ уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр хөгжлийн бүх төсөл, ТЭЗҮ, судалгаа нь бэлэн болсон төсөл. Ирэх гурван жилд өндөр ачаалалтай байж, орлого бүтэн орох учиртай. 2021-2025 онд 33.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 11.3 их наядын цэвэр ашигтай ажиллах, улсын төсөвт 7.7 их наядыг төвлөрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Өөр нэг онцлох зүйл нь Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд хувьцааг нь эзэмшиж байгаа өөрийнх нь компани. Тиймээс хөрөнгөө өөрийн компанид хийж, өсгөх боломж нь итгэлцлийн хүрээнд бүрэн бий. Энэ утгаараа бондын эхний транчийг гаргахад 670 тэрбум төгрөг босгосны 330 тэрбум нь 1000 орчим иргэд, аж ахуйн нэгжийнх. Тодруулбал, 600 орчим иргэн хадгаламж дахь хөрөнгөөрөө эл бондыг худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл иргэдийн зүгээс 95 тэрбум төгрөгөөр ЭТТ бондыг худалдан авчээ. Өмнө нь хэлсэн Монголын дэлхийд танигдсан, өндөр үр ашигтай байх бүрэн боломжтой, хэрэгжүүлэхэд бэлэн төсөл бол манай компанийнх.  Тиймээс дотоодын аж ахуйн нэгж, иргэдээс гадна олон улсын хөрөнгө оруулагчид хамгийн ихээр сонирхож, бонд худалдан авах саналаа ирүүлсээр байгаа.

-Монгол Улсын эдийн засгийн нэг хөдөлгүүр болсон “Эрдэнэс Тавантолгой” компани, түүнийг хөдөлгөгч хүчийг удирдан зохион байгуулж буй багийн нэг эд, эстэй уулзаж, захирлын хувиар, хувь хүнийх нь ч талаас илэн далангүй яриа өрнүүлэхийг зорьсон ч та ажлаа түлхүү ярилаа. Компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн болон жирийн иргэн Б.Ганхуягийн ялгаа юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөх үү?

-Хувь хүнийхээ хувьд энэ компанийн шанг таталцаад, өдий түвшинд хүртэл хамт явж байгаагаараа бахархдаг. Надад нэг том амбийц бий. Энэ бол ажил хийж, амжилтад хүрэх зорилт. Хэрэв төлөвлөснөөр төслүүдийн хөрөнгө оруулалтууд үе шаттайгаар хийгдэж, бүтээн байгуулалтууд эрчимтэй цаг, хугацаандаа амжиж,  төсөөлсөн орлого, ашиг бий болж, төрд, иргэддээ байгалийн баялагийн ашгаас хүртээж чадвал бидний том зорилт үр дүнгээ өглөө гэсэн үг. Хамт олонтойгоо ийм гайхалтай, өргөн цараатай төслийн ард гарсны дараа асар том ирээдүй хүн бүрийн өмнө нээгдэнэ гэж итгэж байна. Энэ утгаараа улсынхаа ирээдүйг бүтээлцэж байгаа иргэнийхээ хувьд талархдаг. Үүний тулд Ганхуяг гэдэг хүн сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө шингээж эх орны том бүтээн байгуулалтыг нэр төртэйгээр удирдах л үлдэж байна. Тиймээс маш хариуцлагатай байх ёстой. Тэр тусмаа энэ компанид хар сүүдэр тусгах, хулгай, муу зүйл ойртуулах, өөрөө түүнд оролцох, алдаа гаргах эрхгүй гэсэн хатуу зарчим, байр суурьтай байдаг.