Өмнө нь коронавирусний эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд амны хаалт зүүхгүй байж болно хэмээн үзэж байсан АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв цар тахлын үед дэх амны хаалтын хэрэглээний талаарх зааварчилгаандаа өөрчлөлт оруулаад байна.
Тодруулбал, коронавирусний Дельта хувилбар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор вакциндаа бүрэн хамрагдсан иргэд ч амны хаалт зүүх шаардлагатай талаар тус төвөөс зөвлөж эхлээд байгаа аж.
Энэ талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенски ярихдаа, "Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд ч Дельта хувилбарын халдварыг авч, вирусийг бусдад дамжуулах эрсдэл бий гэдгийг судалгаа харуулж байгаа. Гэхдээ вакцин энэ өвчний эсрэг өндөр үр дүнг үзүүлж байгааг санах хэрэгтэй. Иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалмаар байна." гэлээ.
Гэхдээ халдвар өндөртэй байгаа бүс, нутгийн иргэдэд л ийм шаардлага тавигдах аж. Мягмар гарагт олон нийтэд зарласан энэхүү шинэ зөвлөмж Вашингтон ДС, Нью-Йорк, Лос-Анжелес хотуудыг оролцуулаад нийт 39 муж, бүс нутгийг хамрах юм.
Сүүлийн үед АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхлээд байна. Энэ долоо хоногийн эхээр л гэхэд тус улсад шинэ коронавирусний 50 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ нь өмнөх долоо мөн өдрийнхөөс 50 гаруй хувиар өндөр үзүүлэлт.
АНУ-д шинэ бүртгэгдэж байгаа "Ковид -19"-ийн халдварын 80 хувь Дельта хувилбарынх байна. Иймээс АНУ-ын албаныхан амны хаалтын зүүхийг дахин ятгаж, шаардах нь Дельта хувилбарын халдвараас сэргийлэх, хумихад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа аж.
Мөн Ерөнхийлөгч Жозеф Байден тус төвийн шинэ зааварчилгааг сайшаан магтжээ. Тэрбээр мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ амны хаалтын хэрэглээний талаарх шинэ зөвлөмж шинэ коронавирусийг ялах өөр нэгэн чухал алхам боллоо гэж онцолсон байна.