Э.Содномпилжээ паралимпын наадмын аварга боллоо

A- A A+
Э.Содномпилжээ паралимпын наадмын аварга боллоо

“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Монгол Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв.

Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 241 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-ыг захиалсан.

Улмаар Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болов. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга боллоо. Тэрбээр арын тамирчнаас найман кг илүү өргөжээ.

Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав 2008 оны паралимпод түрүүлж байсан билээ.