“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын тендерийг будлиантуулжээ

A- A A+
“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын тендерийг будлиантуулжээ

Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил хөдөлгөөнд орохоор болсон. Гэвч баярласан хэрээ бархирна гээч болж мэдэх нь ээ.

Уг нь тус станцыг барих тендерийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, энэ оны 6 дугаар сарын 30-нд зарласан. Ингэхэд 30 хоногийн хугацаатай зарласан тендер шалгаруултад гурван компани оролцож, “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл шалгарсан.

Тендерийн тухай хуулийн ТОӨЗ-ын 39.1-т зааснаар шалгарсан компани гэрээ байгуулах мэдэгдлээ 2021 оны наймдугаар сарын 10-нд авснаар хуулийн дагуу 21 хоногийн дотор ТӨШХ-д заасан дүнгээр багтаан гүйцэтгэлийн баталгааг байршуулах үүрэгтэй.

Гэвч тендерт шалгарсан “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu  Engineering Corporation Limited” компанийн түншлэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэлийн баталгаагаа байршуулаагүй байна.

Бүр тодруулбал, хуульд ТОӨЗ-ны 39.1 -т “Тендерт оролцогч нь гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор ТШӨХ-д заасан дүнгээр, тендерийн баримт бичгийн зургаадугаар бүлэгт заасан маягтын дагуу үйлдэж захиалагчийн хүлээн зөвшөөрөх хэлбэрээр ирүүлнэ” гэж заасан байдаг.  

Тэгэхээр дээрх заалт зөрчигдсөнөөр УЦС-ын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээ бүрдүүлж чадаагүй компанийг тендерт шалгаруулсан болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл тендерт шалгарсан компани санхүүгийн боломжгүй байдлаас болж олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажил мөн л хойшлогдож мэдэхээр нөхцөл байдал үүсчээ.

Угтаа бол хууль зөрчигдсөн энэ тохиолдолд дараагийн компанийг шалгаруулах эсвэл шинээр тендер зарлах ёстой ч, ЭХЯ мөн л хуулийн зөрчил үүсгээд байна. Хуульд “Шалгарсан тендерт оролцогч ТОӨЗ-ны 39.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, тендерийн батлагааг гүйцэтгүүлэх хангалттай үндэслэл болох ба энэ тохиолдолд захиалагч дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгох эсвэл шинээр тендер зарлана” гэж заажээ.

Гэтэл ЭХЯ гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадаагүй компанийг ямар үндэслэл журмаар сонгон шалгаруулж, хууль зөрчсөн үйлдэлд нь яагаад боломж олгоод байгаа вэ гэдэг нь эрх ашгийн зөрчил үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.