Будлиантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ

A- A A+
Будлиантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, шүүхийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх тухай мэдэгдсэн нь цагаа олсон түүхэн шийдвэр боллоо. Шүүх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгосноор сүүлийн арваад жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллагын дотроосоо ялзарч, төрийн өндөр албан тушаалтнуудын гар хөл болж, газрын наймаатай холбоотой хууль бус шийдвэрүүдийг зарим шүүгчид гаргаж, ард иргэд, ААН-үүдийг үлэмж их хэмжээний эд хөрөнгө, олон тэрбум төгрөгөөр хохироож ирсэн увайгүй байдлыг арилгана гэдэг найдлага төрлөө. Тухайлбал, “Туурайн төвөргөөн”, “Богд Асар” гэх хоёр компанийн олон жилийн газрын маргаанд Нийслэлийн төр, захиргааны холбогдох байгууллагуудаас гадна Шүүгчид гэх “том будлианы эзэд” байгаа нь тод харагддаг. Мэдээж ажил үүргээ гүйцэтгэж, шударга ёсыг тогтоож яваа ёс зүйтэй шүүгчдийн талаар хэлсэнгүй. Харин “сайны хажуугаар саар” гэгчээр зарим этгээдийг зориуд онцолж буй минь энэ. Саяхан шахуу хэл амтай, дуулиан шуугиантай батлагдсан Шүүхийн тухай хуульд уг нь шүүгчдийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж хориглосон зүйл, заалтууд цөөнгүй бий. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй бол шүүх хуралд орохгүй, аль нэг талд давуу байдал үүсгэж болохгүй гэдгийг тод томруунаар хуульчлаад өгчихсөн. Харамсалтай нь, ашиг сонирхлын зөрчил ив илэрхий “зарим шүүгч нөхөд” тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх гэж хэт улайрч, зарим маргаантай асуудлыг “өмчилж авах” бусармаг, хууль бус явдал тасрахгүй амь бөхтэй хэвээрээ.

Миний бичиж хөндсөн асуудлаар гэхэд Анхан болон Давж заалдах шатны шүүхийн зарим шүүгчид “Туурайн төвөргөөн” ХХК-д илт давуу байдлыг үүсгэж, “Богд Асар” ХХК-ийн хүсэлтийг хүлээж авдаггүй, удаа дараа илт буруу, худлаа шийддэг байдал тов тодорхой харагддаг. Худлаа шийдээд байна гэдэг нь Давж заалдах шатны шүүхээс залруулаад байхад дахин дахин буруу шийдвэр гаргаж, нэг талд үйлчилж буйг хэлээд байгаа юм. Шударга ёсыг уландаа гишгэсэн, ашиг сонирхлын зөрчилтэй ийм ёс зүйгүй шүүгчдээс салах цаг нэгэнт болжээ. Шүүх, эрх мэдлийн өөрчлөлт, шинэчлэлтийг яг энэ асуудлаар хөндөн гаргаж, шүүгчдийн ёс зүйг эн тэргүүнд тавьж, шүүхийн үйл ажиллагааг “тунгалагшуулах”-аас эхэлмээр санагддаг. Дээр дурдсан хоёр компанийн газар эзэмшлийн маргааны тухайд Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнуудын хариуцлагагүй, унхиагүй, бохир үйлдлээс  анх үүдсэн байдаг.

НЗД-ын 2007.10.23-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 511 дүгээр захирамжаар ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25,0 га газрыг эзэмшихдээ “Богд Асар” ХХК нь 3.3 тэрбум төгрөгийг төлж, НЗД-ын 2013 оны А/975 тоот захирамж, хугацааг сунгасан 2018 оны А/878 тоот захирамжуудаар тус тус баталгаажуулсан. Гэвч дараах ноцтой баримтыг эрхэм уншигч та хараад нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх буй за. Тухайлбал,

“Туурайн төвөргөөн” ХХК-д газар олгосон тухай мэдээллийг “Мэдээллийн сан”-д нэг жилийн дараа бүртгэхдээ НЗД-ын захирамжид зааснаас өөрөөр бүртгэсэн;

“Богд Асар”ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг 2008 оны 1 дүгээр сард Нийслэлийн Газрын алба нь “Мэдээллийн сан”-д бүртгээгүй;

Дээрх нэр бүхий хоёр компанийн эзэмшил газруудыг “Мэдээллийн сан”-д оруулах, өөрчлөх, устгахдаа НЗД-ын захирамжийг үндэслээгүй, ямар нэгэн шийдвэргүйгээр, хэн оруулсан нь тодорхойгүй байдлаар удаа дараалан өөрчилсөн;

Тухайн газруудын давхцалтайг мэдсээр байж, Нийслэлийн өмчийн харилцааны газар Дуудлага худалдааны анхны үнийг давхардуулан авч, баталгаажуулахдаа  илт зөрүүтэй үнэ төлбөр авсан байдаг г.м илт хууль бус шийдвэрийг төрд ажиллаж, түмний татварын мөнгөөр амьдарч буй хэсэг бусаг нөхөд гаргаж, дураараа дургисны жишээ ийм байна.

Цаг хугацаа алдаж, бүхэл бүтэн 14 жилийн турш нэгмөр шийдэгдэхгүй удааширч, шат шатны шүүхээр салж унатлаа явсан дээрх “ГАЗРЫН НАЙМАА”-тай холбоотой бульхай луйврыг үе үеийн НЗД нар тухайн маргаан бүхий газарт нийтдээ долоон удаагийн захирамж гаргасан бөгөөд үүнээс дурдвал:

2011.12.07-ны 908 дугаар захирамжаар “Туурайн төвөргөөн”ХХК-ийн эзэмшил газрын байршил, зориулалтын өөрчлөхдөө “Богд-Асар” ХХК-д НЗД-ын 2007 оны 511 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 25,0 га газартай давхцуулснаар маргаан үүсэх нөхцөлийг анх бүрдүүлсэн;

2013.10.30-ны 975 дугаар захирамжаар “Богд-Асар” ХХК-ийн газрыг Дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, баталгаажуулахад маргаан бүхий газрууд давхардсан байсан;

2017.01.12-ны 25 дугаар захирамжаар “Туурайн төвөргөөн” ХХК-ийн газар эзэмших эрхийг хугацааг сунгахдаа Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг зөрчин хууль бус үйлдэл хийж, “Богд-Асар” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхардуулсан байдаг зэрэг болно.

Яаж ингэж удаа дараалан “Туурайн төвөргөөн” гэх сүржин нэртэй, даржин компанийн талд шүүх, хуулийн байгууллага, Газрын албаныхан улс төрчидтэй үгсэн хуйвалдаж, ард иргэд болон ААН-үүдийг айж ичих нүүргүй хохироож чадсаныг гайхаад баршгүй. Энэ улс оронд үнэнч шударга ёс байна уу? гэж халагламаар үйл явдал болж өнгөрснийг миний өмнө дэлгээтэй байгаа 14 жилийн хугацаанд гаргасан НЗД-ын захирамжууд, шат шатны Шүүхийн шийдвэрүүд харуулна. Түмнийг төлөөлж ажиллана хэмээн төрд тангараг өргөдөг төрийн албан хаагчид ийнхүү ард иргэдээс гадна өөрсдийн хүч хөдөлмөрөөр бүтээн байгуулалт хийх гэсэн хэд хэчнээн ААН байгууллага, хувийн хэвшлийн компаниудын зоригийг мохоож, итгэлийг эвдсэнийг тоолж баршгүй. Гэвч нэгэнт хууль ёст оронд амьдарч байгаагийнх энэ улс орны нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг чанд сахиж, эх орны хөгжил цэцэглэлтэд хүн бүр хув нэмрээ оруулах үүрэгтэй. Гэтэл НЗД-ын захирамжууд нь:

Нийслэлийн ИТХ-аас ямар нэг төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 33.4 дэх заалтыг зөрчсөн;

Тухайн маргаан бүхий газрын тодорхой хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байхад НЗД өөрт олгогдоогүй эрх эдэлж, Тусгай хамгаалалттай газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 36 дугаар зүйлийг зөрчсөн;

Газрын тухай хуулийн таваас доошгүй зүйл, заалтыг зөрчсөн, илт хууль бус акт гаргасан зэрэг маш олон үндэслэлээр “Богд Асар” ХХК шат шатны шүүхэд удаа дараалан хандсан боловч харамсалтай нь, “МОНГОЛЫН ШҮҮХ ШУДАРГА БАЙЖ ЧАДСАНГҮЙ!!!”

Харин ч ”Богд Асар” ХХК-ийн маргааныг дагнан хариуцдаг “тусгай хэрэгцээний шүүгчид” байдаг гэхээр дүр зураг олон жилийн ЗАРГААС маш тодорхой харагддаг. Жишээ нь, “Туурайн төвөргөөн” ХХК-д бусдын газрыг авч өгөх ажиллагаанд оролцсон шүүгчдийг дурдья. Үүнд:

“Богд Асар” ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд шүүгч О.Оюунгэрэл хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч “Туурайн төвөргөөн” ХХК-иас хуульд заасан үндэслэлгүйгээр шүүгч О.Оюунгэрэлээс татгалзсаныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хүлээн авч, хэргийг шүүгч М.Батзориг руу шилжүүлсэн. Энэ ажиллагаанд тус шүүхийн шүүгч Н.Долгосүрэн /”Туурайн төвөргөөн”ХХК-ийн захирал Ж.Бямбабаатарын найз гэгддэг/ маш идэвхтэй оролцсон.

Шүүгч М.Батзориг нь 2016.02.05-ны өдөр гаргасан 0113 тоот шийдвэртээ: “- “Богд Асар” ХХК НЗД-ын 2007.10.23-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 511 дүгээр захирамжаар ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25,0 га газрыг эзэмшүүлсэн байна.” Харин “Туурайн төвөргөөн” ХХК-д  НЗД-ын 2006.11.17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх, шинээр баталгаажуулах тухай” 568 тоот захирамжаар ХУД-ийн 6,7 дугаар хороонд байрлах 140,0 га газрыг “Морин спортын” зориулалтаар эзэмшүүлсэн байна. Дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “Туурайн төвөргөөн” ХХК-д маргаан бүхий газрыг цаг хугацааны хувьд түрүүлж эзэмшүүлсэн байна.” гэсэн дүгнэлтийг хийж, хоёр өөр байршилд байгааг мэдэж бичсэн атлаа хоёр компаний газрыг зориудаар давхцуулж, 2006 онд эзэмшсэн гэсэн үндэслэлээр “Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ шийдвэрийг “Богд Асар” ХХК-иас Давж заалдах гомдлыг шүүхэд гаргасан. Хэргийг шүүгч О.Номиулан, Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн /илтгэгч шүүгч/ нар шийдвэрлэсэн. Шүүхээс 221/МА2016/0251 тоот магадлал гаргасан. Магадлалыг Э.Лхагвасүрэн дараах дүгнэлтийг бичсэн. “Хэдийгээр “Туурайн төвөргөөн” ХХК-д газар эзэмшүүлсэн НЗД-ын захирамжид тус дүүргийн 6,7 дугаар хороо гэж заасан ч Яармаг дахь хүн амын суурьшил ертөнцийн зүгээр анхнаасаа замын хойд талд үүссэн болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд гэр хороолол бүхий энэ хэсэгт бусдад эзэмшүүлэх 140,0 га газар байхгүй болох нь хэрэгт авагдсан хороодын байршлын зурагт тусгагдсанаар хангалттай нотлогддог. Эзэмшүүлсэн газрын зориулалтыг ч Морин спорт гэж бодит байдалд Яармагийн замын урд талд олон арван жилийн турш морь барианы газар, хуучны морин тойруулга байсан, мөн замын урд талын газар инженерийн ямар нэгэн шугам сүлжээнд холбогдоогүйгээс шалтгаалж, тэнд хот төлөвлөлт хийгдээгүй, тийм учраас морин спортын зориулалтаар тухайн газрыг гуравдагч этгээдэд /”Туурайн төвөргөөн” ХХК/ олгожээ гэх бүрэн үндэстэй” гэж дүгнээд “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газрыг ХУД-ийн 10 дугаар хороонд олгохыг үүрэг болгосон.

“Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ, нэхэмжлэлд байхгүй, хурал дээр яригдаагүй “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газрыг олгох шийдвэр гаргасан.

“Туурайн төвөргөөн” ХХК-нд ХУД-ийн 6,7 дугаар хороонд олгосон 140,0 га газрыг Яармагийн замын урд тал руу зөөхийн тулд дээр дурдсан дүгнэлтийг зохиож бичсэн. Тухайлбал, Яармагийн замын урд талд олон жил морь уралдсан, морин тойруулга байсан, төлөвлөлт хийгдээгүй гэх мэтээр зохиож бичсэн.

Энэ магадлалыг “Богд Асар” ХХК-иас УДШ-д хандаж гомдол гаргасан. Хурлыг шүүгч М.Батсуурь даргалж, Л.Атарцэцэг илтгэсэн. Хурлаас 2016.06.22-ны 216 тоот тогтоол гарч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Шүүгч М.Батсуурь, Л.Атарцэцэг нар тогтоолыг үндэслэлтэй болгож харагдуулахын тулд хурал дээр яригдаагүй, үндэслэлгүй дүгнэлтүүдийг зориуд бичсэн. Тухайлбал, “Богд Асар” ХХК-д 2007 онд 25,0 га газар олгосон 511 тоот захирамжийг 2013 оны А/975 тоот захирамжаар хүчингүй болгосон гэв. Гэтэл А/975 тоот захирамж нь “Богд Асар” ХХК-ийн 2007 онд олгосон газар эзэмших эрхийг баталгаажуулсан. 2011 онд “Туурайн төвөргөөн” ХХК-д 908 тоот захирамжаар 140,0 га газар олгох үед 2007 оны 511 тоот захирамжаар олгогдсон 25,0 га газрын эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байсан.

Мөн “Богд Асар” ХХК-д газар эзэмшүүлэхдээ байршлыг Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд гэж өөр байрлал заажээ. “Богд Асар” ХХК-ийг кадастрын зураг хийлгээгүй, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 6,7 дугаар хороонд олгосон газартаа давхцуулсан гэх мэтээр илэрхий худал дүгнэлт хийсэн. “Богд Асар” ХХК-ийн газрын кадастрын зургийг Газрын албаны Ц.Сандуй, Н.Лхагвасүрэн, Б.Шижир нар 2011 онд  908 тоот захирамж гаргахдаа устгасан, /АТГ-аас томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ “Богд Асар” ХХК-ийн газрын маш тодорхой байршлыг өөр байршил гэх мэтээр бичсэн. Энэ бүхэн нь шүүгчдийн “Туурайн төвөргөөн” ХХК-ийн ХУД-ийн 6,7 дугаар хороонд 2006 онд олгогдсон газрыг ХУД-ийн 10 дугаар хороонд болгон “Богд Асар” ХХК-ийн 25,0 га газрыг булаан авч байгаа зориудаар хийсэн “АВЛИГАЖСАН ҮЙЛДЭЛ”.

“Богд Асар” ХХК-иас НЗД асан Г.Мөнхбаярын “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар нууцаар олгосон 2011 оны 908 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Шүүгч Ц.Одмаа хүлээн авахаас татгалзсан /2019.03.07-ны 128/ШЗ2019/1573 тоот захирамж/. Хуулийн тодорхой үндэслэл заалгүйгээр нэхэмжлэлээр хэрэг үүсгэхгүй гэсэн. “Богд Асар” ХХК Ц.Одмаагийн захирамжид гомдол гаргасан. Гомдлыг шүүгч Э.Лхагвасүрэн давж заалдах шатны хуралд илтгэж хэлэлцүүлэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн /2019.03.27-ны 221/ШТ2019/0189 тоот тогтоол/ “Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхгүй болгосон. “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар олгосон НЗД-ын хууль бус үйлдлийг хяналтгүй болгон хаацайлсан. Энэ 140,0 га газар нь “Богд Асар” ХХК-ийн 25,0 га газар, бусад найман иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газартаа давхцаж байгаа зэрэг болно.

Давж заалдах шатны шүүх шүүгч Н.Долгосүрэнгийн гаргасан дээр дурдсан тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэх шийдвэрийг гаргасан. Хэргийг шүүгч Ц.Одмаа хүлээн авч, хэргийг хэлэлцэлгүйгээр шүүгч Н.Долгосүрэнтэй утга нэг захирамж гарган “Богд Асар”ХХК-ийг давж заалдах эрхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

“Богд Асар” ХХК-иас НЗД-ын үүрэг гүйцэтгэгч асан Н.Батбаясгалангийн “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар олгосон А/1055 тоот захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гурван удаа гаргасан. Тухай бүрд шүүгч Д.Чанцалням  нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзсан. Давж заалдах шатны шүүх Д.Чанцалнямын гаргасан захирамжийг хоёр удаа хүчингүй болгосон. Тэрээр энэ үйлдлээ давтан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. НЗД-ын үүрэг гүйцэтгэгч асан Н.Батбаясгалангийн олгосон гэх 140,0 га газар бодит байдал дээр байхгүй. Учир нь, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 5,0 га газрыг нь “Майн мон сорс” ХХК-д худалдсан, одоо барилга баригдсан, 40,0 орчим га газрыг тусгайлан хашаалсан, 15,0 га газрыг НЗД асан С.Амарсайханы туслах гэгч н.Бат-Оргил гэгч тусгайлан кадастр хийлгээд бусдад 1,0 га газрыг 1.2-1.3 тэрбум төгрөгөөр үнэлэн худалдах санал тавиад явж байгаа баримт бас бий.

Дээр дурдсан Анхан болон Давж заалдах шатны нэр бүхий шүүгчид тус маргааныг шийдэх шүүх хуралд шүүгчээр оролцож, илэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасаар ирснийг олон баримт нотолдог. Эдгээр шүүгчдээс татгалзах хүсэлтийг “Богд Асар” ХХК-иас гаргахад шүүх хүлээж авдаггүй нь шүүх, эрх мэдлийн тогтолцоонд улс төр, бизнесийн зарим бүлэглэлтэй шүүгчид нягт холбоотой, тэдний эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргах үүрэг хүлээн суудаг “тусгай хэрэгцээний шүүгчид” хүртэл ийнхүү бий болсныг гэрчилж байна. Энэ мэт хуулийг үл тоомсорлодог завхрал газар авч, шударга иргэд хохирч байгаа учраас Шүүх, эрх мэдлийн шинэтгэл өнөөдөр “УС АГААР МЭТ” хэрэгтэй байна.

Урианхан Б.Галаарид