Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг АХБ-ны дэмжлэгтэйгээр илүү олон жуулчин хүлээж авахаар бэлтгэж байгааг оролцогчид онцоллоо. “АХБ-наас ирэх дөрвөн жилд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги хэрэгжиж эхэлсэн. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөс энэ сарын 6-нд баталсан шинэ стратегийн хүрээнд Монгол Улсад хүртээмжтэй нийгэм болон байгаль орчинд ээлтэй, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ” гэж АХБ-ны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэлэв. Мөн тэрээр “Аялал жуулчлалыг хөгжүүлснээр илүү олон ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэх, цаашлаад орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтойг өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй аймгийн засаг дарга нар онцлон тэмдэглэсэн. Шинэ стратегийн хүрээнд АХБ-наас энэ чиглэлд дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодруулав.
Монгол орны зүүн бүс нутаг ээрэм тал, унтарсан галт уул, цагаан зээрийн сүргээрээ алдартай.
Зөвлөлдөх уулзалтын эхэнд АХБ-наас санхүүжүүлсэн төслүүдийн үр нөлөө, сургамжийн талаар аймгуудын Засаг даргын тамгын газраас танилцуулав. Улсын Их Хурал, Засгийн газрын төлөөлөл болон гурван аймгийн засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хөгжлийн зорилтууд, шаардлагатай нөөц, тэр дундаа хүний нөөцийн тулгамдсан хэрэгцээ шаардлагыг хөндлөө. Монгол орны зүүн бүс нутаг ээрэм тал, унтарсан галт уул, цагаан зээрийн сүргээрээ алдартай. Мөн энэ бүс нь Монгол Улсын хүн амын нягтрал хамгийн бага бүс нутагт тооцогддог. Нэг хавтгай дөрвөлжин км тутамд 0.8 хүн амьдардаг гэсэн тооцоо бий. Бүс нутагт төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтэц, аялал жуулчлалын томоохон төслүүдийн хүрээнд мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ. Мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нь бүх салбарын хувьд тулгамдаад буй нэн чухал асуудал бөгөөд АХБ-ны зүгээс хүний болон нийгмийн хөгжилд үзүүлж буй дэмжлэг зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэлээ. АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог гэж АХБ-наас мэдээлэв.