Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон чухал хууль, тогтоомжийг батлаж хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор батлан гаргаж хэрэгжилтийг мөн оны гуравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Энэ хүрээнд өнөөдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн, П.Анужин, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир болон ЭМДЕГ-ын удирдлагууд, аймаг, дүүргийн ЭМДХ-ийн төлөөлөлүүд цахимаар оролцож байна.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн ЭМД-ын сангийн 2021 оны төсвийн тухай хууль болон ЭМД-ын тухай хууль, тогтоомжийн хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өглөө.
Түүнчлэн 2022 оны төсвийн төсөлд ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын санхүүжилт, цахим эрүүл мэндийн программ хөгжүүлэлтийн системийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.
Эх сурвалж: ЭМДЕГ