НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн н.Цэнджав дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Эмнэлзүйн байдлыг дөрвөн янзаар үнэлж, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар хийх тухай яригдаж байна.
Хөнгөн өвдөж, гэрээр эмчлүүлсэн хүний сэргээн засах эмчилгээг гэр бүл, хамт олонд түшиглэсэн байдлаар хийх зарчмыг баримталж байна. Иргэд ковидын дараах хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж аваад, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөгүйгээр зарим зүйлсийг туршиж байна.
Ковидын дараах хам шинжүүдийг арилгах зорилгоор батлагдаагүй сүлжээний бүтээгдэхүүнийг их хэрэглэж байна. Бие биедээ ам дамжуулан зөвлөгөө өгч, дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байна. Хөнгөн хэлбэрээр өвдөж эдгэсэн залуус дасгал хөдөлгөөнийг хэт эрчимтэй хийснээр сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж байна. Улмаар мэдрэл сулралын хам шинж даамжирдаг. Ковидын дараах сэргээн засах, тусламж үйлчилгээний заавар удахгүй гарна. Дэлхий нийтэд ч энэ заавар түр хугацаанд гарч, шинэчлэгдэж байгаа” хэмээв.
Түүнчлэн ковидоор өвчилсний дараа мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр сэргээн засах эмчилгээг хийлгээрэй гэж иргэдэд захимаар байна гэсэн юм.