Дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох хуулийн төсөл өргөн барилаа

A- A A+
Дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох хуулийн төсөл өргөн барилаа

​УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Одоогийн байдлаар манай улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд нэмэгдүүлж 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

 

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү хууль батлагдан хэрэгжих үед 2018 онд батлагдсан хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд тэтгэврийн зөрүү үүсэх, үүнээс улбаалсан хохирол амсах эрсдэл үүсэхээр байна.

Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос өндөр насны тэтгэврийг тогтоон бодож байгааг 5 жил болгон өөрчлөхөд хуулийн өөрчлөлтийн хугацаанд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн авах тэтгэврийн хэмжээнд зөрүү үүсэж байгаа тул иргэдийн өндөр насны тэтгэврийг дахин тогтоох, энэ хугацаанд үүссэн зөрүүг нөхөн олгох харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү зохицуулалтад 2018 оны Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд орсон өөрчлөлтөөр тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хамаарах юм байна.

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.