Өмгөөлөгч П.Баасанжав: 2019 онд Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед "Эрдэнэс Монгол" ХХК-д зарлагдсан тендерийн асуудлаар баривчилсан нь хууль бус

A- A A+
Өмгөөлөгч П.Баасанжав: 2019 онд Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед

АТГ-аас Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, улмаар баривчлаад байгаа. Улсын Ерөнхий прокурорын газраас өчигдөр гаргасан албан мэдээндээ “Эрдэнэс Монгол ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх гомдлоор Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн байв.

Уг асуудлаар Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжавтай холбогдоход “Прокурорын байгууллагаас Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн байна. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад ‘2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй’ гэж байна лээ” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан Д.Хаянхярвааг анх өөрөө хүсэлт гарган шалгуулж байгаа хэрэгт нь сэжиглэн хорьжээ.