Зам, тээврийн хөгжлийн яам салбарын хэмжээнд хийж бүтээсэн, төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар олон нийтэд сар бүр мэдээлдэг. Өнөөдөр ээлжит мэдээллээ хийв.
Мэдээллийн эхэнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Энэ сарын уулзалт бага зэрэг онцлогтой. Хүйтний улирал эхэлж буй учир зам, барилгын бүтээн байгуулалтын ажил шувтарч байна. Тиймээс энэ онд баригдсан зам, барилгын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна. Түүнчлэн тээврийн салбарт үүссэн хүндрэлүүдийн талаар мэдээлнэ” гэлээ.
483.8 М УРТ ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэр авто замын салбарт 2021 онд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийн явц байдлаас танилцуулав.
Тэрбээр “Энэ онд нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай авто зам, Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м, нийт 483.8 урт метр төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн аваад байгааг дурдав.
Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто зам-65 хувь, Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто зам-71.6 хувь, Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто зам-80.9 хувь, Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто зам-80 хувь, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам-95 хувь, Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил-60 хувь, Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам-65.5 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байна.
2022 ОНД 796 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД АВНА
Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, “Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км урт, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн үлдэгдэл санхүүжилт шийдвэрлэгдвэл, барилгын ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан дуусгана.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлого бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болох юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна. 2022 онд Монгол Улс Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дэлгэмэл уртаараа 796 км төмөр зам ашиглалтад авна.
Тяньжин боомтод гацсан 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 18-нд Зам, тээврийн хөгжлийн сайд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хугацаа нь дуусах дөхсөн, хөлдөх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн яаралтай авах шаардлагатай чингэлгийг яаралтай татаж авах хүсэлт өгсөн байгаа” гэлээ.
НҮҮРС ТЭЭВРИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ
Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн асуудлаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Манай улс БНХАУ-тай найман боомтоор харилцдаг. Өнөөдөр дөрөв нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байгаа.
Гашуунсухайт боомтод хатуу хяналттай, халдвараас сэргийлж чадаж байсан ч өнгөрсөн зургадугаар сард халдварын тархалт нэмэгдсэн. Жолооч, боомтын ажилчид халдвар авснаас үүдэн хэвийн ажиллах боломжгүй байсан. 1700 орчим хүнийг гурван удаагийн шинжилгээнд хамруулж халдвараа хумьж ногоон бүс болгосон.
Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, хэвийн ажиллах боломж бүрдэж өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болж нэмэгдсэн. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ.
Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн явагдаж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна” гэж мэдээлэв.
МОНГОЛООС ОЧСОН АЧААГ ГАНЦМОД БООМТОД ШИЛЖҮҮЛЖ АЧНА
Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явц, Тавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболтын талаар тодруулж хариулт авлаа.
Сайд Л.Халтар “Тавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлаар малчид, тээвэрчдийн төлөөлөлтэй газар дээр нь очиж танилцаж, ажиллаад ирсэн. Бидэнд 31 байгууллага, 450 орчим жолооч Тавантолгой-Чойрын чиглэлд тээвэрлэлт хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Цаана нь 1250 хүний бүртгэл байна. Бид энэ чиглэлд ачаа тээврийг 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл явуулахаар шийдвэр гаргалаа. Энэ бол Гашуунсухайт боомт дээрх халдвар хамгаалалтын дэглэмээс болоод Хятад руу хийх нүүрс тээвэрлэлтийн гаралт муу байгаатай холбоотой.
Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболт дээр хоёр асуудал бий. Нэгдүгээрт, Хил холболтын цэг хаагуур байх вэ гэх асуудал. БНХАУ-ын талтай тохирох хамгийн эхний асуудал бол аль баганы хэд дэх километрийн хэд дэх метр дээр төмөр зам ирж уулзах вэ гэдгийг шийдвэрлэх. Аравдугаар сарын 11-нд “Тавантолгой төмөр зам” Хятадын компанитай гурав дахь уулзалт дээрээ хил холболтын цэгээ тохироод протоколоо зурчихсан. Өөрөөр хэлбэл, хоёр тал хил холболтын компаниуд хилийн цэгээ тохирсон тул хоёр талын Гадаад харилцааны яамаар дамжуулан албажуулах ажил хийгдэнэ.
Хоёрдугаарт, Тавантолгойгоос очиж байгаа нүүрсийг Монголын талд Хятадын галт тэргэнд шилжүүлж ачих уу, эсвэл Ганцмод буюу Хятадын талд Монголын галт тэргээс Хятадын галт тэргэнд шилжүүлж ачих уу гэдгийг шийднэ. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээж авч байгаа тал нь шилжүүлж ачдаг. Тэр утгаараа Монголоос очсон ачааг Ганцмод боомт дээр шилжүүлж ачна гэсэн үг. Хаана шилжүүлэн ачилт хийхийг шийдсэний дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэлээ. Эх сурвалж: ЗТХЯ