Д.Алтанхуяг: Дараагийн дэлхийн шилдэг балетчид Монголоос төрнө

A- A A+
Д.Алтанхуяг: Дараагийн дэлхийн шилдэг балетчид Монголоос төрнө

МУГЖ Д.Алтанхуяг 2006 онд дэлхийн шилдэг 8 балетчины нэгээр шалгарч дэлхийд Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа эрхмүүдийн нэг юм. Тэрээр эх орондоо ирээд удаагүй байгаа. Монголдоо ирээд Монголын балетын үндэсний сургууль болон ирэх 11-р сард болох балетын үндэсний дөрөвдүгээр уралдаанд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Түүнтэй бид ирэх 11-р сард зохион байгуулагдах тэмцээний талаар товчхон ярилцлаа. 

-Цар тахал болоод дэлхий нийт хилээ хааж хэсэг чангарсан. Одоо харьцангуй гайгүй болж байх шиг байна. Эх орондоо хэзээ ирэв, нутгаа санасан байна уу?

Д.Алтанхуяг: Сар гаруйн өмнө эх орондоо ирлээ. Эхнэр хүүхэд маань АНУ-д үлдсэн. Би эндээ байх илүү сонирхолтой учраас хүрээд л ирлээ. Хийх олон ч зүйл байна. 

-Балетын үндэсний дөрөвдүгээр наадмын талаар?

-Ер нь аливаа зүйл өрсөлдөөн байж урагшилж, дэвшиж, сайжрах ёстой. Тийм учраас хүүхэд сурч байгаа ямар ч зүйлд тэмцээн чухал гэж боддог. Монгол Улс өөрөө балетын асар их түүхтэй. Азидаа ч өндөрт тооцогддог. Бидэнд дутагдаж байсан ганц зүйл нь уралдаан, тэмцээн байсан. Үүнийг анзаараад анх 2016 онд үндэсний уралдааныг хийсэн. Энэ маань үргэлжлэн хүрээгээ тэлсээр улсын хэмжээний том тэмцээн болтлоо хөгжсөн байна.

-Цар тахлын үед бүхий л тэмцээн уралдаан цуцлагдаж байна. Энэ удаагийн тэмцээнийг цахимаар зохион байгуулахаар болсон гэж сонслоо? 

-Дэлхий даяар цар тахалын хүнд үе тохиож байна. Үүнтэй зэрэгцээд цахим орчин хөгжиж урлагийнхан үзэгчиддээ зориулсан бүхий л арга хэмжээгээ цахимаар явуулж байгаа. Олон улсын балетын тэмцээнүүд хүртэл цахимаар хийгдэж байна. Үүнтэй ижил бид тэмцээнээ цахимаар зохион байгуулах нь зөв юм байна гэдгийг ойлгоод арай шинэлэг байдлаар хийхээр төлөвлөж байна. 

-Цар тахал нэг талаасаа бидэнд хөгжих боломжийг олгож байгаа гэж харж байна. Цахимаар зохион байгуулснаар хөдөө орон нутаг, олон улсад суугаа хэн ч орж болно гэж ойлгож болох уу?

 -Тэгэлгүй яахав. Ер нь Монгол хүүхэд л бол аль ч оронд хаана ч суугаа хүүхэд оролцох боломжтой. Энэ ч утгаараа хөдөө орон нутгаас олон хүүхэд бидэнтэй холбогдож эхэлж байна. Монгол улсад балет сонирхдог хүүхдүүд маш их болсон гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Хүүхдүүд өөрсдийн бүжгийн клубд тайзан дээр байх ёстой бүхий л шаардлагаа хангаад бичлэгээ хийгээд явуулж болно.

-Тэмцээн ирэх 11-р сард явагдана гэж байсан бүртгэл эхэлчихсэн байгаа юу?

-Манай тэмцээний бүртгэл 10-р сарын 15-аас эхлээд 11-р сарын 15 хүртэл явагдана. Бүтэн сарын хугацаанд бэлтгэлээ базаана, бичлэг, зураг зэргээ бэлдэх хугацаа олгож байгаа. Балетыг тодорхой төвшинд зааж байгаа улсын болон хувийн сургуулиуд, хувь хүмүүс гээд нилээд хэмжээний оролцогч оролцох хандлагатай байна.

-Шалгаруулалтын хувьд ямар байгаа вэ?

-Шалгаруулалт 3 шаттай байна. Тэмцээнийг Япон, БНХАУ, Сингапур, ОХУ, БНСУ зэрэг олон улсын шүүгчид АЖ, Төрийн шагналт Б.Жамьяндагва, МУГЖ Г.Цолмон зэрэг Монголын шүүгчидтэй хамтран шүүнэ. Шүүгч нарын бүрэлдэхүүн маш сайн бүрдсэн гэж харж байгаа. Оролцогчид маань ч олон улсаас шүүгчид шүүж байгаа учраас мэргэжлийн төвшинд шударга шүүлт болно гэдэгт итгэж болно. 

-Энэ тэмцээний алсын харааг яаж харж байна?

-Ер нь тэмцээн явагдсанаараа үр дүн нь юу байдаг вэ гэхээр эргээд тухайн салбарынхаа хөгжлийг маш сайн дэмжиж өгдөг. Жишээ нь оролцож байгаа хүүхдийн ур чадвар, урам зоригт өөрчлөлт орсныг багш нар тэмцээний дараа хэлдэг. Цаашлаад олон улсын шүүгч нар ирж байгаа учраас олон улсаас бидэнтэй холбогдож тухайн хүүхдийг бэлдэж, сургахыг сонирхож эхэлдэг л дээ. Мөн дараагийн олон улсын тэмцээн уралдаанд оролцох үүд хаалга нь нээгддэг. Балетын хөгжил сангийн хувьд энэ тэмцээнийг жил болгон хийхийг зорьж байгаа. Өнгөрсөн жил цар тахлаас болоод өнжихдөө бид нэг туршилт хийсэн. Балетын үндэсний сургуулийн 200 гаруй сурагчдын дунд тэмцээн явуулсан. Ингээд бид илүү цар хүрээ өргөнтэй зохион байгуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод цахимаар явуулахаар шийдсэн юм. Биднийг дэмжиж байгаа олон газрууд байгаа монголын телевиз, сайтууд гээд л.

-Гадагшаа явж ажиллахуу? Балетын хөгжлийн сангийн зорилго юу байна вэ?

-Гадаадад мэдээж сайн сургуулиуд байгаа. Гэхдээ бид өөрсдөө гаднын хүүхдүүдийг бэлдэх хэмжээнд очих хэрэгтэй. Заавал гадаадад очиж сурснаараа мундаг болдог гэх ойлголтыг арилгаж Монгол улсдаа дэлхийн хэмжээний чадварлаг бүжигчин болж болно гэдгийг харуулах нь бидний зорилго. Гэхдээ гадагшаа огт явуулахгүй гэсэн үг биш сургах ёстой туршлага хуваалцах ёстой хүүхдүүдээ явуулна.

-Бид анхны олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Хоёр дахь удаагийн тэмцээнийг ирэх жил хийхээр төлөвлөж байгаа. Энэ тэмцээн олон улсын тэмцээнийг зохион байгуулахад чухал нөлөөг үзүүлнэ.