"Аудитын газар, Төрийн албаны зөвлөл, АТГ төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцдог баймаар байна"

A- A A+

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Эхлээд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх танилцуулгадаа ирэх оны төсвийн төслийг хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлж, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгаа тэлэх, төр зардлаа танаж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг богино хугацаанд хийж, үр дүнд хүрэх шинэчлэлийн томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллана гэж дурдлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг гаргахдаа төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлага бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгснийг дурдав.

Мөн дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгээс танилцуулахдаа төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн нотолгоо, үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2022-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны  үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна гэв.

Танилцуулгуудтай холбогдуулж УИХ-ын гишүүн гишүүн Б.Баярсайхан, Б.Бейсен, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газрын удирдлага, газар, хэлтсийн дарга нар оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан аудит зөвлөмжөө гаргадаг ч үүнийг нь хэрэгжүүлдэг тогтолцоо Засгийн газарт байхгүй. Зөвлөмж цаасан дээр үлддэг. Энд орж ирсэн гурван байгууллага болох Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар төсвийн хөрөнгө, мөнгийг үр ашиггүй зарцуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцдог механизмыг хэрэгжүүлдэг баймаар байна. Цаашид хариуцлага тооцох талаар ямар ажил хийж, арга хэмжээ авах вэ гэдгийг тодруулж, хариулт авав.

Хуралдааны үеэр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид буюу Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд 2022 оны төсвийн төсөлд тухайн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой хэмжээнд төсөв тавигдсан талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Ийнхүү хэлэлцээд Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.