Б.Батцэцэг: Манай гадаад бодлого "нэг цонх"-оор явж эхэлсэн нь хоёр хөршид таалагдаж байгаа

A- A A+
Б.Батцэцэг: Манай гадаад бодлого

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр хөрштэйгөө улс төрийн ямар нэг асуудал үүссэн, харилцаа муудсан зүйл байхгүй. Харин эсрэгээрээ харилцаа сайжирсан гэлээ. 

Тэрбээр "Ковидтой холбоотойгоор БНХАУ-ын барьж буй бодлого ганцхан манай улсад биш хил залгаа, хуурай замын боомтоор холбогддог бүх улсад адилхан үйлчилж байна. БНХАУ-ын Боомтын зөвлөл бүх боомт дээрээ ковидын нэг ч тохиолдлыг гаднаас улсдаа нэвтрүүлэхгүй гэдэг хатуу зарчим, дүрэм мөрдөж буй. Ковидын халдварыг дотооддоо алдахгүй байх ямар учир шалтгаанууд байна вэ гэвэл БНХАУ ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимп зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Хятадын төр гадаадын ямар ч айлчлал, оюутан хүлээж авахгүй байгаа. Тэр тусмаа Бээжинд. Манайх үүнийг зөвхөн өөр дээрээ тусгаж авч болохгүй. Дэлхийн бүх улстай адилхан бодлого баримталж байгаа юм. 

Манай улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гадаад бодлогын хувьд нэг үг хэлдэг, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид таалагдаж байгаа.

Харамсалтай нь, манай хил залгаа аймгуудад халдвар ихтэй хэвээр. Монголд шинжилгээ өгөхөөр сөрөг гараад тэнд очоод шинжлэхээр эерэг гардаг шинжилгээний зөрүү аль аль талдаа асуудал болж байна. Бид халдвар хамгааллаа сайн баримталбал БНХАУ бидэнд хамгийн зөөлөн хандаж байгаа гэж үзэж байна. Түүнээс биш улс төрийн шалтгаан байхгүй. 

БНХАУ-ын өвлийн олимпыг дотоодын үзэгчиддээ нээлттэй зохион байгуулах гэж байгаа учир дотооддоо халдвар алдахгүй том зорилт дэвшүүлсэн. Мөн БНХАУ-ын Коммунист намын их хурал болохтой холбогдуулан дүрэм журмаа чангатгасан” гэлээ. 

Түүнчлэн Төрийн тэргүүн, Ерөнхий сайдын хоёр хөрш рүү хийх айлчлалын талаар “Ковидын улмаас дэлхийн дахинд өндөр дээд хэмжээний айлчлалууд зогсож цахим хэлбэрт шилжсэн. Манай улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гадаад бодлогын хувьд нэг үг хэлдэг, нэг цонхоор, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид таалагдаж байгаа. Бид өмнөх жижиг аж ахуйн чанартай, харилцаанд тээглэж байсан, ужгирсан асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэх, цаашдаа хоёр хөрштэйгөө томоохон төслүүдээ хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах талаар төрийн гурван өндөрлөгийн түвшинд ярьж байна. 

Хоёр хөрш айлчлалуудаа идэвхжүүлж эхэлсэн тохиолдолд хамгийн түрүүнд манай улсын дээд түвшний айлчлалыг хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр хоёр хөрштэйгөө улс төрийн ямар нэг асуудал үүссэн, харилцаа муудсан зүйл байхгүй. Харин эсрэгээрээ сайжирсан” гэдгийг хэллээ.