Дэлхий нийтэд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Нүүрсний үнэ тэнгэрт хадаж, газрын тосны үнэ баррель нь 100 долларыг давсан хямрал дэлхийн олон оронд үргэлжилсээр... Өвлийн улирал дөхөж, халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд цахилгааны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэн хяналт тавьж байгаа ч үнийн хязгаарлалтыг цаашид барьж чадахгүй хэмээн түгшиж байгааг олон улсын хэвлэлүүд нийтэлсээр байгаа юм. Эрчим хүчний хямрал одоогоор Европын бас Азийн хэд хэдэн оронд нөлөөлж эхэллээ.
Тухайлбал,
-
БНХАУ оршин суугчдынхаа цахилгааныг хязгаарлаж, хүнд үйлдвэрүүдийнх нь үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй тулгарсныг CNN агентлаг мэдээлэв.
-
Энэтхэг улсад нүүрс ховордож өнөөдрийн байдлаар нүүрс түлдэг 135 цахилгаан станцын 63 нь ердөө ганц өдрийн нөөцтэй үлдээд байна. Энэтхэгийн Эрчим хүчний захиргааны төвийн мэдээлснээр 17 цахилгаан станц огт нөөцгүй болжээ. Нүүрсний хомсдолд орсон эдгээр цахилгаан станцууд тус улсын 70 орчим хувийг эрчим хүчээр хангадаг байна.
-
Солонгосын Цахилгаан эрчим хүчний компани есдүгээр сарын 23-нд цахилгаан эрчим хүчний үнийг сүүлийн найм орчим жилийн хугацаанд анх удаа нэмнэ гэдгээ мэдэгджээ.
Азид нүүрсний хомсдол, тээвэрлэлтээс үүдсэн эрчим хүчний хямрал бий болоод байгаа бол Зүүн Азид байгалийн хийн үнэ есдүгээр сараас хойш 85 хувиар өсч, газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 204 доллар болж, сүүлийн 13 жилд тохиолдоогүй өндөр үнээр борлуулагдаж эхлэв. Харин Европт байгалийн хий нэг баррель нь 230 долларт хүрсэн нь есдүгээр сарын эхэн үеэс 130 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна.
-
ОХУ-ын хийн экспорт буурч, салхин станцууд нь салхи нөөцөлж чадахгүй байгаа нь Европын эрчим хүчний хямралд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
-
Их Британид л гэхэд эрчим хүчний үнэ нэмэгдсэний улмаас хэд хэдэн ханган нийлүүлэгч хаалгаа барихад хүрчээ.
-
Бразилын өрхүүдийн төлөх эрчим хүчний төлбөр нэмэгджээ.
-
Пакистан, Бангладеш зэрэг улс түлш авах боломжгүй болж эдийн засгийн хувьд зогсоход ч хүрч болзошгүй байна. Пакистанд байгалийн шингэрүүлсэн хийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай зардлаас үүдэн улс төрийн маргаан үүсээд байгаа бөгөөд сөрөг хүчний улстөрчид төрийн өмчит импортлогчийн худалдан авалтыг нарийвчлан шалгахыг шаардаж байна.
-
Америкийн Аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглэгчдийн холбоо хийн нөөц хэвийн хэмжээнд эргэн очих хүртэл экспортыг бууруулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд тавьсан нь хилийн чанадад үүсээд буй хомсдолыг улам дордуулж магадгүй байна.
Дээрх баримтууд дэлхий нийтээр эрчим хүчний салбар хямралд нэрвэгдэж байгааг илчилж байна. Тэгвэл Монголд ямар байна вэ? Монголын эрчим хүчний салбар энэ хямралын гадна үлдэж чадах уу гэсэн асуултад бид хариулт олохоор сурвалжилсан юм.
Монголд Эрчим хүчний хэрэглээ огцом өсчээ
Өнгөрсөн 2020 онд Монгол Улс 7.1 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, ОХУ болон БНХАУ-аас нийтдээ 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авсан байна. Импортын эрчим хүчний 80 хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Оюутолгой ХХК нь БНХАУ-аас импортоор авчээ. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2018 онд 118 МВт-аар, 2019 онд 25 МВт-аар, 2020 онд 65 МВт-аар, 2021 онд 124 МВт-аар нэмэгдсэн байна. Гэвч үүнийг дагаад хэрэглээ ч бас өссөн байна. Өмнөх жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 5-6 хувиар өсдөг байсан бол 2021 онд 13 хувиар өссөн гэдэг тоо баримтыг Диспетчерийн Үндэсний төвөөс өгч байна.
Өвлийн сар гараагүй, эрчим хүчний оргил ачааллын үе эхлээгүй байхад цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 орчим хувиар огцом өсч, 100 гаруй МВт-аар нэмэгдсэн нь өнөөдөр эрчим хүчний салбарынхны хувьд “түгшүүрийн харанга” дэлдэж байна. Үүнээс харахад дэлхий нийтийг хамраад байгаа эрчим хүчний хямрал Монголчуудыг ч бас тойрохгүй, дайрах нь гэсэн болгоомжлол төрж байгаа юм.
Насны доройтолд орсон техник тоног төхөөрөмж
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрчим хүч, дулаан, хий, усны үнийг төрөөс даах шийдвэр гарсан. Үүний дараа хэрэглээ огцом өсч зарим газруудад цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авч байсныг бид мэднэ. Тэгвэл энэ өвлийн хэрэглээ өмнөх оныхоос улам л нэмэгдэх нь тодорхой байна. Дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх байгууллагууд энэ ачааллыг хэрхэн давах вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Харамсалтай нь бас л сайн мэдээ эндээс дуулахгүй. Өнөөдөр гал зулгуулж байгаа дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх шугам сүлжээний насжилт 32-62 жил, шугам сүлжээний 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ.
Өөрөөр хэлбэл аль социализмын үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бид ашиглаж, засч сэлбэж, амь торгоож гал залгаж байна гэсэн үг. Монголчуудын ганц найдвар, амь зуулга болсон “ДЦС-4” ТӨХК хамгийн залуу үйлдвэрүүдийн нэг. Гэвч тус үйлдвэрийн Зуухны экран хоолойг 1997 онд сольжээ. Энэ экран хоолойн ажиллах нормт хугацаа 100 000 цаг. Гэвч өнөөдөр 114 180 цаг ажиллаж байна. Энэ бол ганцхан жишээ. “Ашиглалтын хугацаа нь дууссан, ажиллах боломжгүй гэдэг дүгнэлт гарсан маш олон техник, тоног төхөөрөмж өнөөдөр эрчим хүчний салбарт үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ хэрээр эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаа алдагдаж байна. Засвар, шинэчлэлийн ажлуудыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байгаагаас нэг хэрэглэгчид ногдох тасалдлын давтамж 20-30 хувиар нэмэгдэж байна” гэж Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Р.Ганжуур бидэнд ярьж байсан юм.
Үнэ цэнэтэй хэрнээ үнэ тарифтаа чөдөрлүүлсэн эрчим хүч
Монголд зарагдаж байгаа хамгийн хямд бараа бүтээгдэхүүний нэг нь эрчим хүч. Тодруулбал 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 175 төгрөг. Өнөөдөр 175 төгрөгөөр бид захын дэлгүүр ороод ганц хайрцаг шүдэнз ч авч чадахгүй. Хоёрхон жилийн өмнө 50 төгрөгөөр зарагддаг байсан нэг хайрцаг орос шүдэнз өнөөдөр дэлгүүр, ТҮЦ-нд 200 төгрөг. Бид 175 төгрөгөөр ганц иштэй чихэр ч авч чадахгүй. “Чупа чупс” гэдэг иштэй чихрийн үнэ гэхэд л 250-450 төгрөг байгаа. Гэвч Монголчууд эрчим хүчний үнийг үнэтэй байна гэж маргадаг. Үнэгүй байх ёстой гэж боддог.
Ихэнх улстөрчид хямд үнээр бөөн бөөнөөр нь зарж байгаа нүүрсээ өөрсдөө шатааж эрчим хүч гаргаж авах хэрэгтэй гэж том том илтгэл, лоозон бичдэг. Харамсалтай нь эрчим хүч гэдэг өөрөө нарийн шат дамжлагатай, үйлдвэрлэлийн асар өндөр зардалтай гэдгийг ихэнх нь мэддэггүй, мэдсэн ч ярихыг хүсдэггүй. Эрчим хүчний үйлдвэрлэл гэдэг нүүрсний уурхайн хөрс хуулалтаас эхэлдэг. Уурхайн хөрсийг хуулж, нүүрс гаргаж авч, вагонд ачиж, төмөр замаар тээвэрлэж станцууд дээр буулгаж, эрчим хүч үйлдвэрлэн дамжуулах шугамаар дамжуулж, тэрийг нь хэрэглэгч рүү түгээдэг. Нэг кВт.ц эрчим хүчний үнэ буюу 175 төгрөгөнд дээрх бүхий л зардал, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, орлогын татавар шимтгэл бүгд багтсан байдаг. Тиймээс өнөөдөр эрчим хүчний салбар үнэ тарифандаа чөдөрлөгдөж, урагш хөгжиж чадахгүй байгааг бүгд ярьж байна.
“ДЦС-4” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг “Сүүлийн үед хөрөнгө санхүүтэй холбоотой томоохон хүндрэлүүд тулгарч гарч ирж байгаа. Манай дулааны IV цахилгаан станц нийт нийлүүлж байгаа эрчим хүчний 60 гаруй хувийг энергиэрээ нийлүүлдэг атлаахамгийн бага үнээр эрчим хүчээ борлуулдаг. Монголдоо хамгийн бага өртөгтэй нийлүүлэгч гэсэн үг. Дулааны цахилгаан станцуудын зардал байнга өсч байна. Татвар, шимтгэл, валютын ханш, нүүрс тээврийн зардал, төмрийн үнэ огцом нэмэгдлээ. Зардал өсч байгаа учраас бидэнд бүтээгдэхүүнийхээ үнийг ч бас нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан бүрэн засвар үйлчилгээ хийх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх нь битгий хэл сүүлийн үед Хөгжлийн банкнаас авсан зээлээ ч төлж чадахгүйд хүрээд байна” хэмээн ярьж байна.
Монгол Улсын эрчим хүчний үнийг гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоѐр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар, бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байдаг гэнэ. Мөн Монгол Улсын нэг өрхийн сарын хэрэглээний 6 орчим хувийг эрчим хүчний төлбөр эзэлдэг гэдэг тооцоог Үндэсний Статистикийн хорооны судалгаа харуулж байна.
Эрчим хүчний салбар сэхээний орон дээр байна
Хүнээр бол Монгол Улсын эрчим хүчний салбар ядарч туйлдсан өвчтөн шиг болжээ. Эрчим хүчний цохилох зүрх нь болж байгаа дулааны станцууд ачааллаа даахаа байж, судас шөрмөс нь болсон дамжуулах, түгээх сүлжээ элэгдэж хуучирч мууджээ.
Гол амин тэжээлийг нь залгуулж байгаа нүүрсний уурхайнууд хөрс хуулалтын алдагдалтай, өртгөөсөө бага үнээр нүүрсээ станцуудад нийлүүлж байна. Хэрэглээ өсч, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг станцууд хангаж чадахгүй болж ОХУ-аас авдаг эрчим хүчний чадлаа нэмэгдүүлэхээр албаны хүмүүс хэлэлцэээрийн ширээний ард сууж байгааг ч зарим эх сурвалж нуухгүй байна. Эрчим хүчний салбарыг эдгээх ганц зүйл бол хөрөнгө оруулалт. Ядаж бодит өртөгтөө хүрдэг үнэ тариф энэ салбарт байж байж, уурхай, станц, дамжуулах түгээх сүлжээ хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх нь. Үнэндээ Монголчууд бид тун удахгүй эрчим хүчний хямралд өртөхөөр байна гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.