“Хайртай бүхнийхээ төлөө” хэмээх нэгэн сайхан дуу өнөөдөр сонсогчдод хүрч байна. Эдийн засагч Дуламсүрэнгийн Доржпүрэвийн санаачилгаар “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Төрийн соёрхолт Ц.Чулуунбатын бүтээсэн энэ дуу нь цар тахлын халдварын үед хүн бүр хайртай гэр бүл, хамт олон, найз нөхөд, эх орныхоо төлөө хариуцлагаа ухамсарлаж эрүүл мэндээ хамгаалах, эв нэгдэлтэй байхыг сануулсан уриа дуудлага болжээ. Энэхүү бүтээлийг дуучин Б.Баярцэцэг, С.Зригт, А.Хишигдалай, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэн нар хамтран дуулж, олны хүртээл болголоо.
Коронавирусийн халдварын эрсдэлийн үед дэлхий даяар эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эв нэгдэлтэй, бусдад хүндэтгэлтэй хандаж, худал мэдээлэлд хууртахгүй байхыг уриалж байна. Тийм ч учраас халдварыг эх орондоо тархаахгүйн тулд Монгол Улсын эрүүл мэндийн манаанд зогсож, амжилттай ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхандаа дэмжлэг үзүүлэх сайхан сэтгэлийн санаачилга гарган анхны хандивыг өргөсөн иргэн бол Д.Доржпүрэв. Тэрбээр Эрүүл мэндийн яаманд 20 сая төгрөг хандивласнаар цар тахлын эсрэг ажиллаж буй Улсын онцгой комисс, ЭМЯ, ХӨСҮТ зэрэг төрийн албан байгууллагынхандаа баярлаж, талархсан хандив тусламжийн цуваа үргэлжилж, монголчууд хүнд хэцүү цагт эвлэлдэн нэгдэж чаддаггийг харуулсан билээ.