Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр шагнууллаа

A- A A+
Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр шагнууллаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн өдрийн турш болж өндөрлөлөө.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар (284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байна.

Харин хоёрдугаар байранд Хятадын "4 Angry Men" баг орсон бол тэргүүн байрыг мөн Хятадын "Nova XQF" баг эзэлж 700 мянган ам.долларыг авлаа.

Тэмцээний өмнөх чансаагаар шилдэг 16 багаас 13-т бичигдэж байсан ZEUS ESPORTS баг аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг толилуулж чадсан юм.  Эхний өдрийг сүүлээсээ гуравт өндөрлүүлж, хоёр дахь өдөр найм руу ахин гурав дахь өдөр хоёрдугаарт жагссан олны анхаарлын төвд ороод байсан юм. Тэмцээний сүүлийн тоглолтыг хүртэл аваргын хувь заяа шийдэх хүртэл Монгол залуус дэлхий дахиныг гайхуулж улсынхаа E-Sport-ын түүхэн дэх хамгийн том амжилтыг ийнхүү үзүүллээ.