Энэ жилийн Оскарын шагналын шилдэг гадаад киноны төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино өрсөлдөх болжээ.
Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажиллаж, жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.
Кинонд хөдөө нутгийн 11 настай Амараа гэх хүү гарна. Тэр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гадаадын уул уурхайн компаниас уугуул нутаг, газар шороогоо аврах бөгөөд “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна” гэдэг үг киноны гол амин сүнс юм.
“Алтан судал” киноны нээлт өнгөрсөн жил Берлиний кино наадмаар болсон.
Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино 2005 онд Оскарын баримтат киноны төрөлд өрсөлдөж байсан. Харин “Алтан судал” бол түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны бүтээл юм.
2021 оны Оскарын шагналын албан ёсны нэр дэвшигчдийн нэрс гуравдугаар сарын 15-нд тодорхой болно. Харин ялагчдыг дөрөвдүгээр сарын 25-нд зарлах юм.
Найруулагч Даваагийн Бямбасүрэн 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, Герман улсад амьдран уран бүтээлээ туурвидаг. Тэрээр 1995-1998 онд Кино Урлагийн Дээд Сургуульд суралцаад, 1998 оноос Монголын Үндэсний Телевизэд туслах найруулагчаар ажилласан. Герман улсын Мюнхений Телевиз, Кино Урлагийн Их Сургуульд баримтат кино, харилцааны шинжлэх ухааны чиглэлээр суралцжээ.
Бүтээлүүд
1999 он: Хул морь
2003 он: Ингэн нулимс
2005 он: Шар нохойн там
2009 он: Эзэн Богдын хоёр загал