Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар өнөөдөр /2021.03.22/ мэдээлэл хийж, эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэв.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлэхдээ “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй, эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Мэдээллийн дагуу дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй мэдээлэл дотоод эрэн сурвалжлах сан болон Цагдаагийн ерөнхий газрын вэб сайт дээр ил тод, нээлттэй нийтлэгддэг. Бид шүүхийн процессын маргаан нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй. Одоо мэдээллийг нь устгасан” гэв. Энэ талаар дуучин Д.Болдоос тодруулахад “Худлаа мэдээлэл гарсан байна лээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллээ авчихсан байна. Надтай холбоотой ийм асуудал байхгүй. Би алга болоогүй. Байдаг газраа байж л байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Реклам сурталчилгаатай холбоотой асуудал үүсээгүй. Тийм асуудал байсан бол аль дээр л шийдэгдэх байсан” гэсэн
юм.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй. Харин дуучин Д.Болдын гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 1-нд гаргаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс рүү 2020 оны тавдугаар сарын 4-нд шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн. Яагаад цагдаагийн байгууллагаас 2021 оны гуравдугаар сард энэ зарыг оруулсныг мэдэхгүй. Манайх тусдаа программтай. Манай байгууллагад “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн нэхэмжлэлтэй “Эм Ди Өү” компанид холбогдох хэргийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ компанийн хаяг нь олдохгүй байсан учраас шүүх ажиллагаа эхлэх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар нь энэ компанийн хаягийг өөрсдөө олох боломжгүй учраас шүүхэд хүсэлт гаргасны дагуу “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжилсан байна.